-2008 онд “Орхидос” кино олон хүний сэтгэлийн утсыг хөндөж, олон ч хүнийг уйлуулж шуугиан тарьж байв. Тус киноноос хойш “Улаан дөрвөлжин”, “Хоёр амь” бүтээл нь үзэгчдийн таашаалд нийцсэн найруулагч Б.Ганболдтой ярилцлаа. Тэрээр өнгөрсөн баасан гаригт “Мам” хэмээх аймшгийн киногоо өлгийдөж авсан юм.
-Хүмүүсийн сэтгэлд хоногшсон кино бол “Орхидос”. Энэ бүтээл хэрхэн төрсөн талаар ярилцлагаа эхэлье. Бодит амьдралаас сэдэвлэсэн гэж сонссон?
-“Орхидос” кинон дээр гардаг үйл явдал нийгэмд байдаг амьдрал. Улс даяар, Улаанбаатарын аль нэг хороолол, нэг аймаг, сум, тосгонд кинон дээрх шиг тийм харгис амьдрал байх вий гэсэн найруулагчийн үзэн ядах, жигшин зэвүүцэх сэдлээс “Орхидос” кино төрөн гарсан. Ер нь хойд эх гэж баймааргүй байна гэсэн санаа. Гэхдээ сайн хойд эх байгаа. Эр хүний гурван минутын жаргал эмэгтэй хүний 30 жилийн зовлон гэж ярьдаг. Залуус ханиа зөв сонгоосой, хүүхдүүд энэ тэнд өнчирч, хойд эцэг эхийн нүүр үзэхгүй байх болтугай, ийм амьдрал бүү байгаасай гэсэн сургамжийг аваасай гэж хүссэн юм. Ийм хүнд хэцүү, муухай амьдрал нийгмийн хаа нэгтээ байгаа. Бодит амьдралаас сэдэвлэсэн учир хүмүүст илүү хүрч, одоо ч сэтгэлд нь хадгалаастай байгаа болов уу. Хүний бодит амьдрал, намтарчилсан түүх хүнд итгэл үнэмшил төрүүлж, сэтгэлд нь үлддэг.
-“Орхидос” киноны гол дүрийн хоёр жүжигчин шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсан. Найруулагчийн сонголт, жүжигчний ур чадвар хосолж байж кино хоногшиж үлддэг байх?
-“Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ” гэсэн үг бий. Хэрэв би овоо босгож, киног найруулаагүй бол тэр жүжигчид хаана явж байх билээ. Хамгийн чухал нь дүрээ хуваарилахдаа энэ дүрийг хэн сайн бүтээж, ачааллыг нь нуруун дээрээ үүрч авч явж чадах вэ гэдгийг оюун тархиндаа сайн тооцоолох хэрэгтэй. Тухайн жүжигчний ур чадварыг өмнө нь бүтээсэн дүрүүдээс харна. Найруулагч нарын тархин дахь санааг илэрхийлэх цөм зэвсэг нь жүжигчид. Кино сайн болоход найруулагчийн сонголтоос гадна жүжигчний авьяас, ур чадвар нөлөөлнө. Кино сайн муу болох нь найруулагчаас шалтгаалдаг. Жүжигчин дүрээ сайн гаргаж чадахгүй байх, зураг авалт, хөгжмийн зохиол муу болох гэсэн ял найруулагчид оногддог. Энэ жүжигчин тухайн дүрийг сайн бүтээж чадна гэж сонгож, өөртөө итгэх сайхан зүйл. 20 орчим жилийн хугацаанд хэд хэдэн кино хийхдээ буруу жүжигчин сонгож явсангүй. Зохиол дээрх дүрийг жүжигчиндээ өгөхөд хэрхэн бүтээх бол гэсэн төсөөлөл миний толгойд буучихсан байдаг болохоор жүжигчнээ сонгохдоо өөртөө итгэлтэй байдаг. Ер нь муу жүжигчин гэж байдаггүй, муу найруулагч байдаг гэж боддог.
-Кино сайн болоход найруулагчийн жүжигчидтэйгээ харьцах арга барил чухал байх. Таныг киноны задаргаа, дүрийн онцлогийг сайн хэлж өгдөг. Заримдаа өөрөө жүжиглэж үзүүлдэг гэж сонссон?
-Барьж авч буй өнцөг, сэдэв нь өөр болохоос дэлхий дээрх бүх кино нэг замыг туулж бүтдэг. Би найруулагч, жүжигчин гэсэн хос мэргэжлээр төгссөн. Надад хүнтэй, жүжигчинтэй харьцах чадварыг бурхнаас заяасан гэж боддог. Цаанаасаа тийм мэдрэмж төрдөг. Жүжигчдийн өмнө яагаад найруулагч гэдэг мэргэжил байгаа нь сонин. Жүжигчин өөрөө киногоо найруулаад өөрөө тоглоод явж болно. Яг ийм зарчмаар явж байгаа хүмүүс байгаа ч тэднээс онож байгаа нь хэд вэ гэдэг нь чухал. Жүжигчний өмнө найруулагч гэдэг хүн байгаа нь их утга учиртай. Найруулагч мэргэжлийг эзэмшсэн бол энэ нэрийг дорд үзүүлэхгүй, дээш нь өргөж авч явахын төлөө зүтгэж, мэрийж явдаг. Янз бүрийн арга барил, мэдрэмжтэй найруулагч нар байдаг. Манай багш “найруулагч хүн сайн зохион байгуулагч байх ёстой” гэж хэлсэн нь миний сэтгэлд гүн шингэж үлдсэн. Зохион байгуулах чадвар дотор бүх юм багтана. Харин уншиж, судалж анхаарал, мэдрэмж, сэтгэхүйгээ хэрхэн хөгжүүлэх нь тухайн найруулагчаас шалтгаална.
-Зураг авалтын үеэр жүжигчидтэйгээ санал зөрөх тохиолдол гарна биз?
-Би нэг зүйлийг ойлгодоггүй юм. Сэтгүүлч “Таньд хэцүү зүйл тохиолдож байв уу” гэхээр нөгөө хүн нь надад ийм бэрхшээл тохиолдож байсан гээд ярьдаг. Үнэхээр бэрхшээлтэй хэцүү санагддаг юм бол яах гэж энэ ажлыг хийж, энэ мэргэжлийг сонгодог юм бэ. Би ер нь их шулуун хүн. Найруулагч нь найруулгаа, зураглаач нь зураг авалтаа хариуцаж ял ялаа үүрье гэдэг. Хүн ажилдаа хариуцлагатай, анхааралтай, сэтгэлтэй байвал бүх зүйл болно. Бэрхшээлийг бид өөрсдөө бий болгодог. Тиймээс бэрхшээл гарч ирвэл нухчин дарах ёстой. Миний хувьд бэрхшээлтэй байх тусам би энийг нухчин дарна, дахин өөр бэрхшээл гарч ирээсэй гэж хүсдэг.
-“Мам” түгшүүрт аймшгийн кино баасан гаригт нээлтээ хийлээ. Таны анхны аймшгийн кино юу?
-“Мам” шинэ бүтээлээ өлгийдөн авлаа. Энэ бол сэтгэл зүйн, түгшүүрт аймшгийн кино. Найруулагч хүн бүх төрлийн кино хийж өөрийгөө сорих ёстой гэж боддог. Тиймээс “Эрх чөлөө” гэсэн эротик кино хийж үзсэн. Энэ удаа түгшүүрт аймшгийн төрлөөр кино хийлээ. Өмнөх бүтээлүүдийн ихэнх нь драм буюу сэтгэл зүйнх байсан. Хийж үзээгүй шинэ төрлийн кино найруулахад бодож, судлахаас гадна үзэж харах зүйл их байлаа. “Мам” бол “Хамба” фильм , “Событ” продакшн , “Рояль мюзик”, “Номадиа” пикчерсийн хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон бүтээл. Санааг нь “Событ” фильмийн залуус гаргаж, зохиолоо над дээр барьж ирснээр бүтсэн кино. Киног яаж хийвэл болох уу, өнгө төрх нь ямар байх талаар бидний төсөөлж байсан орчинтой Булган аймгийн Хялгант тосгон яг таарсан. Зохиолын санаа, уялдаа холбоотой нийцсэн байгалийн өвөрмөц, цогц шийдэлтэй сайхан газар байсан.
-“Эрх чөлөө” кинонд “Хайр бол зайлшгүй үйлийн үр юм” гэж өгүүлдэг. Энэ кино бас үйлийн үрийн тухай гэсэн үү?
-Хайр бол зайлшгүй үйлийн үр гэж үнэн. Эхнэр нөхөр хоёр хэрэлдэхээрээ “Ямар үйлийн үрээр чамтай учраа вэ” гэдэг. Энэ бол энгийн ойлголт. Үйлийн үр ганцхан хайр дурлал дээр яригдахгүй. Ямар нэгэн ажил хэрэг, гэнэтийн зүйл тохиолдоход ямар үйлийн үрээр ийм юм болов оо гэдэг. Догшин хутагт Данзанравжаагийн “Үхэх, төрөх хоёр чинь үйлийн эрхээр бүтнэ” гэсэн үг бий. Үүнийг задлаад үзвэл агуу том философитой, толгойд нэгийг бодогдуулдаг. Чи энэ насандаа хэрхэн яаж амьдарна, тэр үйлийн үр чинь хэзээ нэгэн цагт өөрт биш юм гэхэд үр удамд чинь ирнэ. Сайн ч бай, муу ч бай үйлийн үрээс зугтаах аргагүй гэсэн санааг “Мам” киногоор илэрхийлэхийг зорьсон. Үйлийн үр гэхээр хүмүүс үргэлж муу талаас нь боддог. Гэтэл сайн зүйл хийвэл сайн үйлийн үр бас ирнэ.
-Сүүлийн үед Монголын кино урлаг шүүмжлэлд өртөж байна. Шинэ киноны ихэнх нь алдагдалд ороод бууж байгаа нь юутай холбоотой юм бол?
-Сүүлийн үед Монголын кино урлагийг хүмүүс их шүүмжлэх болжээ. Нэгдүгээрт, уран бүтээл хүнээс хэр их хөдөлмөр шаардаж бүтдгийг би мэдэх учраас уран бүтээлчдээ өмөөрнө. Кино урлагт хайртай, бүтээлдээ анхаардаг залуус гарч ирж байгаа ололттой тал байна. Хоёрдугаарт, кино зохиол нь муу учраас хэчнээн сайн, чадварлаг жүжигчид тоглуулсан ч хүмүүст хүрэхгүй, цөөн хүн үзснээс алдагдалд орж байгаа уран бүтээлчдийг би шүүмжилнэ. Учир нь нэг нь муу кино хийчихээр аливаад нэг өнгөөр ханддаг хүмүүс “Орчин үеийн бүх кино муу болсон байна. Монголчууд кино хийж чадахаа больжээ” гэсэн үзлийг нийгэмд түгээгээд байгаа юм. Чанартай бүтээл хийхийн төлөө уран бүтээлчид хичээх ёстой. Хэн хэчнээн киног хэдэн хүнд хүргэж байна, хэн нь сайн бүтээл хийж чадахгүй байгааг үзэгчид ялгана. Сүүлд гарч байгаа зарим киноны нээлтэд очсон. Яг үнэнийг хэлэхэд сэтгэлд нийцсэн кино алга. Гэхдээ энэ зөвхөн миний дотоод ертөнц, үзэл бодол шүү. Тухайн киног үзсэн 1000 хүнээс ганцхан надад таалагдаагүй байж болно. Ер нь хувь хүний ертөнц гэдэг агуу том зүйл. Гэхдээ Монголын кино урлаг хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Чадварлаг залуучууд гарч ирж байгаад баяртай байгаа.
-Яг өнөөдөр Монголд тулгамдаад байгаа нэг асуудлаар кино хийх санал ирвэл та ямар сэдвийг нь барьж авах вэ?
-Өнөөдөр хаашаа ч харсан намайг бухимдуулдаг, харахаар гутармаар санагддаг нэг зүйл байна. Тэр нь Монголын залуус эр эм нь ялгагдахаа байсан. Кино үзэл суртлын том зэвсэг гэдэг. Гадаадын кино их үзээд үзэл сурталд нь автчихсан байгаагийн илрэл юм. Монгол хүнээр бахархахгүй, ёс жаягаа мэдэхгүй, уламжлал алдагдаад байгаагийн том жишээ энэ. Хүн соёл иргэншилтэй цуг алхаж, хөгжиж болно. Гэхдээ эр нь эрээрээ, эм нь эмээрээ байгаасай гэж хүсдэг. Тиймээс уран бүтээлч хүнийхээ хувьд сайхан монгол эр хүний тухай кино хийхийг боддог. Монгол эр хүн гэхээр дээлтэйгээр төсөөлж болохгүй. Монгол сэтгэхүйтэй, Монголоороо байя гэхээр манайхан дээл, таван ханатай гэр, адуу малаа боддог. Хамгийн чухал нь Монгол ёс уламжлал юм шүү дээ. Бас сайхан хайр дурлалын тухай кино хийе гэж бодож байгаа. Учир нь өнөөдөр хүн хүнээ хайрлахаа больжээ. Бодит амьдрал дээр, сошиал орчинд ч энэ нь харагддаг. Хүн хайрлахаа болихоор адгуус руу дөхөөд ирж байгаад их харамсдаг.
-Найруулагч хүн бүх төрлөөр кино хийхийг хүсдэг. Тэгвэл одоо таньд инээдмийн кино үлдсэн бололтой?
-Бүх төрлийн кино хийж үзнэ. Аль ч төрлийг сонгосон сайн хийхийг хичээнэ. Найруулагч хүн бүх төрлөөр кино хийж, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. “Дандаа хүн уйлуулдаг кино хийдэг найруулагч” гэж хэлүүлэхгүй, инээд бэлэглэмээр байна. Гэхдээ чинжүүтэй давс нь ихэдсэн инээд байвал гоё. Надад хамгийн ойрхон төрөл нь драм. Миний киноны ихэнх нь сэтгэл зүйн эмгэнэлт драм байдаг. Бас 2-3 түүхэн кино хийсэн. Түүхэн кино судалгаа, хугацаа их шаарддаг учир илүү их ур чадвар, хүч, сэтгэл гаргадаг.
-Багадаа тагнуулч болохыг хүсдэг байсан гэсэн. Яагаад найруулагчийн ангийг сонгосон юм бэ?
-Манай гэр бүлд урлагийн хүн олон бий. Би аравдугаар ангиа төгсөөд дөрвөн жил гадуур тэнээд 21-тэй “хөгшин” оюутан их сургуульд орж байлаа. Эхнэр хүүхэдтэй хүн чинь 18-тай оюутнуудыг бодвол амьдрал үзчихсэн байж таараа. Энэ замыг сонгоход урлагийн гэр бүлийн нөлөө байлгүй яахав. Гэхдээ шахаж шаардсан хүн байхгүй. Өөрийн хүсэл зорилгоор найруулагчийн ангийг сонгосон. Хүүхэд байхдаа том болоод найруулагч болно гэж гүйж явсангүй. Мөрдөн байцаагч, тагнуулч болно гэж боддог байлаа. Харин дуу хөгжимд сонирхолтой, зохион байгуулах чадвар маань найруулагч болоход нөлөөлсөн. Миний хүсч байсан мэргэжил бол тагнуулч. Найруулагч болоогүй байсан бол Эрүүгийн мөрдөн байцаагч, тагнуулч болох байсан болов уу. Хувилбар гаргалгаа гаргах, аливаа зүйлд нухацтай, анхааралтай хандаж гурван нүүдлийн цаадахыг бодож олох гэсэн олон чанар тагнуулч хүнд бусдаас илүү байдаг.
-Таныг оюутан байх үед Монголын нийгэм сайнгүй байсан байх аа?
-Тухайн үед сургуулиа төгсөхөд оюутнуудын гэрээс хүн ирдэггүй байсан. Тэгээд ч хөгшин оюутан төгсөхөөр ар гэрийнхэн нь тоодоггүй юм билээ. Би ч хэлээгүй. Ямар сайндаа ангийнхаа хүүхдийн эгчээр өөртөө цэцэг өгүүлж байхав. СУИС-д шалгалт өгөөд хасагдаж байсан түүх бий. Найруулагч Доржсамбуугийн Цогттой хамт шалгалт өгсөн. Хүүхдүүдийн эцэг эх хоол цайтай ирээд найр наадам шиг юм болж байхад бид хоёр ходоод хоосон сүүдрэвчинд сууж байлаа. Мөн ангийнхаа хүүхдээс хослол гуйгаад өмсч явлаа. Гэхдээ өөрийнхөө төлөө хүн хичээх юм бол хөгжих боломж их бий. Би их зарчимч, хатуу, шулуун, нялцгануур зангүй, за гэвэл ёогүй байхыг хичээдэг. Өөрсдөө дор дороо хариуцлагатай, урдах ажилдаа чин сэтгэлээ зориулбал бүх зүйл сайхан болно.
-20 жил найруулагч хийсэн хүний хувьд мэргэжлийн тань хамгийн сайхан мөч нь хэзээ тохиодог вэ?
-Киноныхоо зураг авалтыг эхлүүлэх гээд зохиолоо уншаад, хүмүүсээ цуглуулаад явж байх мөч хамгийн сайхан мэдрэмж. Хурдны морь уралдааны өмнөх шөнө уяан дээрээ үүрсээд, эргэлдээд байдаг шиг маргааш зургандаа гарна гэхээр гэгэлзээд, шөнө нойр хүрдэггүй юм. Шинэ бүтээл рүү орохын өмнө эрч хүч нөхөгдөөд, хоол унд сойгдоод, нойр хүрэхгүй, уралдах гэж байгаа морь шиг болчихдог нь жаргал. Бас том хэсгийн зураг авалт хийгээд зогсч байх мэдрэмж гоё. Эхний 2-3 киноноос хойш бие физиологи маань ийм дадалд сурчихсан. Энэ нь ажилдаа уусч, уран бүтээлч болж байгаагийн шинж байх. Гэхдээ одоо ч суралцаж явна. 2-3 жилийн хугацаанд биччихсэн бэлэн зохиолуудаараа ирэх онд кино хийхээр төлөвлөсөн.
-Жинхэнэ нэр тань Ганболд. Салбарынхан тань Тука гэдэг. Бас зарим хүн Гитлер гэж хочилдог юм билээ?
-Найруулагчийн хичээлийг дөрвөн жил заасан А.Туваанжав гэсэн багш бий. Манай дээд курсийнхэн Тука гэдэг байсан юм. Багшийнхаа нэрээр хочлогдчихсон. Харин Гитлер бол миний малгайнаас үүдэлтэй хоч. Манайхан ийм дамран малгайтай Гитлер гэдэг ганц хүн мэддэг юм шиг байгаа юм. Хийц загвар нь яалт ч үгүй Германых. Гэхдээ намайг хэн гэж дуудах нь тухайн хүний дур. Би тахин шүтээд хас зүүгээд байдаггүй ч Гитлерийг хүндэлдэг. Агуу зохион байгуулагчаас эхлээд сайн чанар түүнд олон бий. Бүхэл бүтэн дэлхийг эзлэх гэсэн том санаа түүнд байсан. Миний малгайн дээр байдаг “Хамба” студийн логог зарим хүн хас тэмдэг гэж хардаг байж магадгүй. Урлагийн хүний өмсөж зүүснийг нийтэлдэг хэвлэлүүдийг би ойлгодоггүй. Урлагийн хүн гэхээр дэнжийн 1000-аас хувцас авч болдоггүй юм уу. Би бол олдсоныг нь өмсөнө. Гэхдээ өөрийн бий болгосон стиль имиждээ үнэнч. Гитлер Тука гэж хочилтол нь стильдээ үнэнч байсан. Малгайгаа авчихвал хүмүүс танихгүй байж мэднэ.
Эх сурвалж www.polit.mn