СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2019-10-18

Б.Долгион: Энэ нийгмийг өөрчлөхийн тулд ХУВЬСГАЛ хийх хэрэгтэй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

Улс төрд ЗӨВ хүмүүсийг гаргаж ирэх зорилготой, Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтнүүдээс бүрдсэн 60 гаруй хүний санаачилгаар "ЭЛЕКТОРАТ" хөдөлгөөн үүсэн байгуулагдаад байгаа билээ. Хоёр ч удаагийн их хурлаа хийсэн тус хөдөлгөөнийг манай LIVETV.MN сайт дэмжиж байгаа. Бид "ЭЛЕКТОРАТ" хөдөлгөөний санаачилагч, дэмжигч гишүүдтэй цуврал ярилцлага хийж байна

Зочин хөтлөгчөөр аялагч, сэтгүүлч Цоодолын Ган-Өлзий ажиллалаа. 

Ц.Ган-Өлзий "Аяллын тойрог" цуврал нэвтрүүлгийн санаачилагч, хөтлөгч.

 

Энэ удаагийн зочноор УГЗ, Пентатоник наадмын шагналт, хөгжмийн зохиолч, “Электорат” хөдөлгөөний дэмжигч Балчинжавын Долгион уригдлаа.

Хатуухнаар яривал мафид хамааралгүй, хулгай хийгээгүй, худал яриагүй хүмүүс цуглаж байна гэхээр нь би зөвшөөрсөн

-Сүүлийн үед “Электорат” хөдөлгөөний талаар их ярих болж. Таны хувьд яаж яваад энэ хөдөлгөөнд орох болов?

-"Электорат" хөдөлгөөн бол улс орноо гэсэн ямар нэгэн “өнөөгийн асуудалд” хамрагдаагүй, хатуухнаар яривал мафид хамааралгүй, хулгай хийгээгүй, худал яриагүй хүмүүс цуглаж байна гэхээр би зөвшөөрсөн. Өнгөрсөн жилийн шинэ жилийн өмнөхөн захидал ирсэн. Иргэн Долгионы хувьд буцлаад байгаа үед энэ уг хөдөлгөөн гарсан учраас нэгдсэн.

-Таны хувьд урьд өмнө нь улс төрийн талаар ярьдаггүй байсан. Яагаад гэнэт улс төрөөр амьсгалаад эхлэв ээ?

-Миний мэргэжил чинь сэтгүүлч, орчуулагч. “Өөрийгөө сэхээтэн хүн гэж үзэж байгаа бол сөрөг хүчин бай” гэсэн үг байдаг. Би энэ үгэнд үнэнч яваад байх шиг байгаан. Ер нь бол сөрөг хүчин байсаар ирсэн. Сөрөг хүчин байсаар гэдэг нь аливаа шударга бус буруу юмыг эсэргүүцдэг хүн шүү дээ. Иргэн хүний хувьд, ертөнцийг үзэх үзлийн талаас нь тайлбарлавал өөр болов уу гэж ойлгож байна.

Өнгөрсөн жилүүдэд тэр болгон туг мандуулж яваагүй ч дотроо бухимдмаар зүйлүүд манай нийгэмд зөндөө байгааг харсаар л явлаа.

-Тэгвэл таныг бухимдуулаад байгаа зүйлүүд юу байна вэ?

-Миний бухимдаад байгаа зүйлийг ярихаар бол хэдэн ч нэвтрүүлэг болох байх. Харин нэг зүйлийг тодруулж хэлмээр байна. . Миний үе ч яахав ингээд дүүрч гэж бодохуйц юм шиг санагдавч үгүй юм. Энэ талаар дуугарч, эрэг шураг нь болж тодорхой хэмжээнд үзэл бодлоо илэрхийлснээр үр хүүхдийнхээ амьдралын сайн сайхныг жоохон ч гэсэн янзлах юм сан гэсэн байдалд хүрээд байна шүү дээ.

 

НИЙГМЭЭ ӨӨРЧЛӨХИЙН ТУЛД ХУВЬСГАЛ ХИЙХ ЁСТОЙ. ГЭХДЭЭ СЭТГЭЛГЭЭНИЙ ХУВЬСГАЛ

-“Электорат” хөдөлгөөний хувьд зөв хүнээ сонгоё, ард түмэн минь алдаагаа битгий давтаач гээд байгаа? Таныхаар зөв хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

-. Бүх талаараа мөлгөр сайхан хүн гэж байхгүй. Зарчмын хувьд эх орноо гэсэн сэтгэлтэй, эх орноо гэсэн бодол санаатай. Аливаа юмыг бодож санахдаа эргэн тойрон орчин тойран нь ямар байх ёстой вэ гэдгийг бодож санаж, зүрх сэтгэл нь зовж шаналж явдаг хүнийг хэлэх болов уу гэж бодоод байна. Зөв бодолтой, ямарваа нэгэн юм руу хандахдаа ямар нэгэн юм тонших, мэрчих, хумсалчих юм сан гэсэн сэтгэл санаа байхгүй. Ийм л хүн байх ёстой гэж хувьдаа үзээд байгаа. Эгэл жирийн үгээр хэлбэл...

-Боломж бол хулгайчийг төрүүлдэг юмаа гэж. Гэтэл манай энэ хуулийн систем чинь төрийн мөнгөнөөс ах, дүү, хамаатан, садангаараа идэж байна. Эргээд тэр хүнд хүлээлгэх хариуцлага хууль дээр байдаг ч  хэрэгжиж чаддаггүй. Та нар нэгдэж нийлээд ямар ч нийгэм байгуулсан бай хууль зүйн салбар маань сайн ажиллаж чадахгүй учраас буруу хүн гарч ирээд байгаа юм биш үү? Тэгэхээр үүнийг өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ?

-Ер нь бол хувьсгал хийх ёстой. Хувьсгал гэхээр буудалцаад жагсаад байна гэсэн үг биш. Сэтгэлгээний хувьсгал хийх хэрэгтэй. Ардчилал гэдэг ухагдахууныг нэгэнт босгочихсон тул нураана гэсэн ойлголт байхгүй. Өнгөрсөн 30 жилд хувьсгал биш хувьсал тархи толгойнд өрнөчихсөн. Бид өөр нийгэм рүү нэгэнт алхчихаад байна. Энэ нийгэмд өнгөрсөн зааг дээр бий болсон авлигын хулгайн тогтолцоо хэмжигдэхүүн байх ёстой юм шиг болгож байна. Энэ их аюултай.

Жишээлбэл, өө ийм зүйл болоход хэдэн төгрөг өгөөд болоо ш дээ гэдэг чинь аюултай. Энэ нь дүрэм шиг болоод байна. "Хөдөө хэдэн төгрөг өгөөд гараад ирнэ ш дээ" гэдэг нь зүгээр эгэл жирийн үзэгдэл болчихсон. Тэгэхээр энэ тогтолцоонд нэлээн гүнзгий орчихсон байна. Энэ тогтолцоо руу оруулсан хүмүүсийг өнөөдөр нэрээр нь нэрлээд яахав. Бүгд тодорхой. Үүнийг эсрэг тэмцмээр байгаа юм. Хуулиа хэрэгжүүлдэг, биелүүлдэг байх ёстой.

Б.Долгион: Нэг нөхөр гарч ирээд 300 шүүгчийг албан тушаалд томилоод өөрийн эрхшээлд оруулчихаж байна. Тэр 300 хүний гай гамшийг ард түмэн гасалтлаа амсаж байна. Өөрөөр хэлбэл систем тогтолцоо нь зүй тогтол болоод яваад байна. Тэгтэл дараа нь нэг нөхөр гараад нөгөө 300 шүүгчийг халаад өөрийн 300-г тавих процесс явагдаж байна шүү дээ. Тэгэхлээр эгэл жирийн ард түмэн юу гэж ойлгох вэ?

Тийм учраас "Электорат" хөдөлгөөн бий болсон. Бид өнөөдөр нэр дэвшигчдээ мөнгөөр туслахгүй, бид нар нэр хүндээрээ барьцаалж, тэр хүний төлөө тэмцэх болно. Би өөрөө хэзээ ч нэр дэвшихгүй. Энэ бол манай "Электорат" хөдөлгөөний дүрэм. Өөрөөр хэлбэл, Долгион дэвшээд ирвэл нөгөө л тогтолцоо руугаа ороод эхэлж байна гэсэн үг. Бас л тэндээс нэг юм зулгаах гээд мафийн талд орох гээд л үзээд байгаатай адилхан юм болно.

-Саяны ярьсан зүйл дээр чинь санал нийлэхгүй юм байна. Зөв хүмүүс өөрсдөө дэвшихгүй байж яаж энэ нийгмийн эрүүлжүүлэх юм бэ?

-Ард түмнээс "ЗӨВ" хүмүүсийг гаргаж ирнэ. Ард түмэн олуулаа байдаг юм. Тэр дунд зөв хүн байж л таарна. Ямар нэгэн хулгай зэлгийд холбогдоогүй, хамаатан садан нь ямар нэгэн зүйлд холбогдоогүй хүмүүс олдож байгаа учраас тэр хүмүүсийг "Электорат" гаргаж ирнэ. Тэрнээс биш "Электорат" өөрсдөө гарч ирэхгүй.

-Мөнгөгүй бол та улс төрд орж чадахгүй. Мөнгө санхүүгийн боломж багатай ЗӨВ хүмүүс байхад мөнгөтэй хүмүүс нь орох боломжийг нь хаачихаад байна ш дээ?

-Үгүй бид нар тэмцэж байгаа. Би сонгуульд өрсөлдөнө, даан ч мөнгө нь байхгүй. Гэхдээ үзээд алдана гэсэн хүмүүс байна. Урьд нь нэг нөхөр “Шударга байя л даа” гэсээр байгаад гарч ирсэн ч найман жил дуугараад юу ч шударга болоогүй. Дахиж найман жилээ алдмааргүй байна. Миний хувьд найм ч биш 30 жилээ алдсан...

ЭЛЕКТОРАТ ХӨДӨЛГӨӨНД МӨНГӨ БАЙХГҮЙ, ГЭХДЭЭ НЭР ХҮНД БИЙ

Бид 2000 оны эхээр омголон, ирмүүн сэтгэлтэй явсан нь үнэн. Гэхдээ өчигдрийн юм үзээгүй нөхдүүд улс төрд гарч ирээд суурь хүмүүжил нь доголдолтой учраас бидний хөгжих замд асар муухай хандлаа шүү дээ. Өөрсдөө болж байвал бусад нь хамаагүй. Дундаж давхаргыг гаргах сонирхол тэдэнд алга. Иймээс "Электорат" хөдөлгөөн хууль, хяналтын байгууллага, эрх зүйт төр гэдгийг жинхэн ёсоор байлгахыг зорьж байна.

Хамгийн сүүлийн үеийн байдлаас харахад нэг хөрш нь биднийг ядуу байлгах асар их сонирхолтой. Мөнгө өгч зээлтэй байлгах сонирхолтой. Нөгөөх нь хошигруулсан л зүйл ярьдаг. Би Орос оронд дуртай. Гэхдээ Орос ах нарт яг ийм хандлага байна. Сая В.Путин Ерөнхийлөгч манайд айлчиллаа. Авах үлдэх юм юу ч байхгүй. Баахан хошигруулж байгаад явсан. 

-Та Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг төдийлөн дэмжихгүй байгаа бололтой?

-Би мөнхөд эсэргүүцнэ.

-Ардчиллыг буруу хөгжүүлсэн гэлээ. Үүнийг хэрхэн яаж засах вэ?

-Асар өргөн ухагдахуун л даа. Өнөөдөр шүүх засаг, хэвлэл мэдээлэл нитералный байх ёстой. Гэтэл хэвлэл мэдээлэл бүгд хэн нэгний эрх мэдэлд байна ш дээ. Хамгийн түрүүнд шүүхийг бие даасан байдалтайгаар ажиллуулах хэрэгтэй. Авлигатай тэмцэх газраас дурын нэг материалыг аваад УИХ-д гишүүн хэвлэлийн өмнө ярьж байна. Хоорондын өшөө авалтдаа эрх мэдлээ ашиглаж байна. Ард нь ард түмэн хохирч байгааг анзаарахгүй.

-Таны ярианаас МАНАН-г өөрчлөөд шинэ залуу хүчин гарах ёстой гэж үзэж байна уу?

-Мэдээж шүү дээ. Өнөөдөр өч төчнөөн залуучууд шударга хүмүүстэйгээ нийлээд улс орноо хөгжүүлж болно шүү дээ. Ард түмэн ядарч байхад нөгөө хэсэг нь баяжсанаа гайхуулах шиг муухай зүйл байхгүй. Улс орноо, ард түмнээ сайхан амьдруулчихаад гайхуулаад явж болно. Гэтэл . Хөгжимчин мөхөс би шударга амьдрахыг л хүсдэг. Театруудтай ноцолдож байхаар хөдөө орон нутаг, бүс нутгаа хөгжүүлээч...

-Зоригтой шийдвэр гаргах гэхээр  "Ард түмэн дараагийн сонгуулиар намайг сонгохгүй байж магад" гэсэн хүлээсэнд баригдаад байдаг юм биш үү?

-Шилэн байшингаа өөр газар барь л даа. Газар мундсан биш. Өөр гоё хот байгуул л даа. Хятад хүртэл цоо шинэ хот байгуулаад байхад. Оросын тосгоны барилгууд ш дээ нураахад яадаг юм бэ гэж хэлж байна. Тэр оросын тосгоны барилгууд хаанаас ирсэн бэ гэвэл өөрсдийнх нь шүтээд байгаа Европоос орос руу дамжин манайд орж ирсэн юм.

 -Энэ хоёр нам ард түмний тархийг угаана. Зөндөө их хөрөнгө мөнгө хаях байх. Тэгвэл "Электорат" хөдөлгөөн тэр их санхүүгийн эрх мэдэлтэй яаж тэмцэх юм бэ?

-"Электорат" хөдөлгөөнд мөнгө байхгүй. "Электорат" хөдөлгөөн бол цэвэр оюуны чадамж. Буруу аргаар мөнгө хийсэн хүмүүсийг ард түмэн ялгаж салгана гэдэгт би итгэлтэй байна. 

Сэхээтнүүд сэхээрэх гэж нэг үг бий. Намын үзэл сурталд автагдаад хуучин МАХН-наас долоон дор болчихож. "Чи намынхаа төлөө дуугарахгүй юм бол..." гэдэг ч юм уу. Тэгээд хэдэн сэхээтнүүдээ үндсэндээ будаа болгочихсон. Гэхдээ аливаа нийгэмд ЭЛИТ ХЭСЭГ гэж бий. Улс орноо хөгжүүлэх бодлого, бодол санаа, оюун эрдэм, ухаанаараа зүтгэдэг улсуудыг хэлдэг юм. Тэрнээс том машин унасан, хаусд амьдардаг хүмүүс элит байдаггүй юм аа.

Ард түмэн минь оюуны талын хүмүүсийг олж сонгох юм  шүү. Ийм хүмүүсийг бид олж нэр дэвшүүлэхийн төлөө чадах чинээгээрээ хичээнэ. Бид нар тэр хүмүүсийг гаргаж ирж дэнчин тавьж, батлан даана. Бид нар ч бас ард түмний төлөөлөл шүү дээ. 

Танд баярлалаа.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.