МАН-ын дэргэдэх НАМЭХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн бүрэн эрхийн хугацаа дууссан учир НАМЭХ-ны VII ээлжит хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд эхэллээ.
Хэд хэдэн хүн нэр дэвших таамаг байсан боловч УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар нэр дэвшин өрсөлдөж байна.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг МАН-ын дарга У.Хүрэлсүх санал болгон оруулж ирсэн бол Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас нэр дэвшиж, мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Энэ талаар дэд сайд Х.Булгантуяа "Нэг хүний нэр оруулж ирсэн нь ардчилалгүй байгааг харууллаа" хэмээн мэдэгдлээ.
Сангийн дэд сайд Х.Булгантуяа:
-Сонгогдоно гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ амаргүй. Эрх барьж байгаа манай намын хувьд цаг үеэ мэдэрч байна уу, намын бодлогоор хайрцаглагдах уу, залуу үеэ дэмжиж байна уу гэдгээ харуулах хурал болно гэж би нэрээ дэвшүүлсэн. Би намын сонгуульт ажлыг арав гаруй жил хийсэн. Ажлын туршлага, боловсрол, чин хүсэл надад байна.
Өмнө нь МАН-ын УЗ-д 6-7 хүний нэр оруулж ирэхэд хоёрыг сонсгож, хурлын төлөөлөгчидөд танилцуулдаг байсан. Гэтэл энэ удаад ганцхан хүний нэрийг оруулж ирлээ. Энэ нь ардчилал байхгүй байна уу даа гэж бодогдож байна. Ээжийнхээ үеийн хүнтэй туршлагаараа өрсөлдөхөд надад хэцүү.
Сэлэнгэ аймаг дахь МЭХ-ны тэргүүн, МАН-ын бага хурлын гишүүн Д.Өнөрболор:
-Манай нам ардчилалтай. Намын дарга маань ч энэ талаар ярилаа. Иймд нээлттэй, шударга сонгууль болно гэж итгэл найдвар бага зэрэг тавьж байсан. Гэтэл цаг хугацааны хувьд хурдавчилсан, өөрийгөө зөв илэрхийлэх боломж нь хязгаарлагдмал уур амьсгал дунд өрнөлөө. Миний хувьд заалнаас нэр дэвшүүлнэ гэсэн бодол байгаагүй.