Африк тивийн ард түмний ихэнх нь ядуу буурай ч чинээлэг эрхэм олон. Тэдгээр чинээлэг эрхмүүдийн нэгийг зэвсэглэсэн этгээдүүд барьцаалсан байна. Танзани улсын нийслэл Дар эс Салаам хотод өглөөний 6:30 минутад Мохамед Девжийг барьцаалан зугтсан хэрэг гарчээ.
Орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдэгдэж байгаагаар зэвсэглэсэн этгээдүүд Девжийг тансаг зэрэглэлийн зочид буудлын үүдэнд отож байсан байна. Түүнийг өглөөний дасгалаа хийж дуусаад бялдаржуулах төвөөс гарч ирэхэд нь хүч хэрэглэн машинд суулгаад зугтжээ.
Гэрчүүдийн яриагаар зэвсэглэсэн этгээдүүд хэд хэдэн удаа хий буудсан байна. Чухам ямар зорилготойгоор Девжийг хулгайлсан нь тодорхойгүй ч гэмт этгээдүүд барьцааны мөнгө нэхэж магадгүй гэжээ.
Уг мэдээллийн дараа тэрбумтан залууг эргэн сулласан гэх мэдээ цацагдсаныг нийслэл хотын цагдаагийн газар үгүйсгэж, хуурамч мэдээлэл бөгөөд Мохамед Девжийг олохоор хайгуул, мөрдлөгийн ажлаа үргэлжлүүлж байна гэжээ.
Тэрээр Африкийн зургаан улсад үйл ажиллагаа явуулдаг METL группийг эцгээсээ өвлөж авч, Forbes сэтгүүлээс 43 настай өв залгамжлагчийн хөрөнгийг 1,5 тэрбум долларт хүрснийг зарлан Африкийн хамгийн залуу тэрбумтнаар нэрлэсэн. 2014 онд кока колатай өрсөлдөх мо кола брэндийг үүсгэн байгуулснаар нь түүнийг Мо гэж дуудах болжээ.
Танзаний Парламентад хоёр ч удаа улиран сонгогдож, 2015 онд гэр бүлийн бизнестээ анхаарахаар улс төрийн ажлаасаа чөлөө авсан байжээ.
Эх сурвалж: www.cnn.com