Өнгөрсөн өдрүүдэд 61 өрхийн 122 иргэн угаарын хийнд хордож, 6 иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмгэнэл илэрхийлсэн. Ингэхдээ юун түрүүнд тэрээр ИРГЭД ШАХМАЛ ТҮЛШИНД ХОРДОЖ АМИА АЛДСАН гэсэн агуулга бүхий санааг шууд илэрхийлсэн юм.
Дээрх асуудлаас үүдэн гэр хорооллын иргэдэд галлагаагаа хэрхэн хийх, шахмал түлшийг хэрхэн түлэх гэх мэт заавар, зөвлөгөө өгч, шаардлагатай бол айлуудын зуух, янданг цэвэрлэж өгч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа талаар Шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар зэрэг холбогдох хүмүүс мэдэгдээд буй.
Тэгвэл дээрх ажлууд газар дээрээ хэрэгжиж байгаа эсэх, шахммал түлшийг түлж байгаа иргэд, гэр хорооллын 200 мянга орчим оршин суугчдын төлөөлөл бодит байдал дээр ямар нөхцөлд байгааг бид сурвалжлан хүргэж байна.
Асуудал намжаагүй байхад өнгөрсөн шөнө/2019.10.11/ дахин 20 хүн угаартсан гэх шалтгаанаар эмнэлгийн анхан шатны тусламж авсан гэх мэдээлэл ч гарч эхэллээ. Тиймээс бид бодит байдлыг газар дээрээс нь сурвалжлан хүргэж байна.