СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-11

“Үнэгүй утаа мэдрэгчийг та нар хэрэглэж чадсангүй” гэх вий дээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Хонх нь дуугарахаар дамар нь таг. Хоёулаа дуугарахаар лам нь таг. Утаа нь багасахаар угаар нь ихэснэ. Хүн нь нас барахаар хэмжигч тавина. Тавантолгойн коксжих нүүрсээр сайжруулсан нэртэй “муужруулсан” шахмал түлш хийж байж Өмнөговь, Дундговийн шинэ замыг сэг болгон хот руугаа зөөв.

Үр дүнд нь арваад хүн ар гэртээ амар тайван байж байгаад амиа алдав. Ил тод хордсон хүний тоо зуу давав. Засаг төр чимээгүй байсны эцэст “Гэр хорооллынхон гал түлж чадахгүйгээс болж байна” гэсэн буруутгалтай тайлбар дагалдуулав.

Иймэрхүү үзэгдэл ойрын өдрүүдэд үргэлжилж байна. Чин үнэндээ ил гарсан эдгээр тоонууд бол мэдээний гол төдий статистик гэдгийг ч хэлэх хэрэгтэй. Мэдсэн, мэдээгүй хэчнээн хүн хордсон, угаартсаныг хэлэх боломжгүй. Сая л сэхээ орсон удирдлагууд сайжруулсан түлшээ шинжлүүлэхээр ийш тийш нь явуулахаар болов. Эцэст нь төсвийн мөнгөнөөс 6,6 тэрбум төгрөгөөр гэр хорооллын айл өрх бүрт үнэгүй утаа мэдрэгч олгохоор болов.

Утаа мэдрэгч угаар бууруулахгүй

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат: “Асуудал гарахаар бодлогоо өөрчлөх алдааг давтахгүй. Нийтдээ 25 мянган шахмал түлшийг ард иргэдэд борлуулсан. Үүнтэй холбогдуулан асуудал бий болсон. Бид түүхий нүүрсээ сайжруулсан түлшинд шилжүүлж байгаа нь галлагаандаа хувьсгал хийж байна гэсэн үг. Бүх төрлийн зуухны битүүмжлэлийг сайжруулах хэрэгтэй. Стандартын бус зуух ашиглахгүй байх шаардлага тулж байна. Судалгаагаар 51.4 хувь нь энгийн галлагаатай зуух хэрэглэж байна гэсэн дүн гарсан.

Ямар ч байсан сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх, олноороо амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгааг зогсоох үүднээс арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч, бага оврын төхөөрөмж суурилуулахаар болсон” гэв. Сайдын хэлснээр шахмал түлш бол галлагааны хувьсгал, арваад хүний амь нас бол “асуудал” ажээ. Тэр нэмж хүчилтөрөгч дутагдсанаас угаартсан. Түүнээс биш агаарт утаа нь гарсны дараа угаартахгүй хэмээв. Түүнийхээр угаарын хий агаарт дэгддэггүй байх нь тэгэхээр эндсэн хүмүүс гэртээ хүчилтөрөгчгүй байсан эсвэл зуух, яндан руугаа толгойгоо шургуулсан л болж таарах гээд байна.

Мөн тэрээр гэр хороололд байгаа шахмал түлш хэрэглэдэг 200 мянган айлд утаа мэдрэгчийг 15 000 төгрөгөөр гадаадаас оруулж ирнэ. Ингэж л иргэд өөрийн амь насаа хамгаалж, стандартын дагуу зуухаа галлаж хэвших хэрэгтэй хэмээсэн нь тэр төхөөрөмж бараг бэлэн байсан аятай. Сайдын ярианаас үзэхэд хэмжигчийн араас зуух тараах нь тодорхой байна. Учир нь тэр стандартын бус зуух ашиглаж байна гэж мөн л иргэдийг буруутгажээ.

Тэгвэл утаа мэдрэгч гэдэг энгийнээр цагийн сэрүүлэгтэй л адилхан эд. Утаа ялгарахад дохио өгч, дуугарах зориулалттай байх. Түүнээс гадна зайгаар ажилладаг уу, цахилгаанаар ажилладаг уу гэдгийг одоогоор хэн ч мэдэхгүй. Ямар дуутай, ямар чанартай эд гэдгийг ч бүр таамаглашгүй. Амазонд байхгүй юм гэж үгүй, авдаггүй хүн ч гэж үгүй билээ. Манай төрийнхний шахаа ч тэндээс л орж ирдэг. Амазоноос харахад хамгийн хямдхан утаа мэдрэгч 6-250 хүртэл долларын ханштай байна. Энэ далимд өгүүлэхэд . (2008-2019 оны хүртэлх хугацаанд улсын төсвөөс дор хаяж 170 тэрбум, гадаадын зээл тусламжаар 105 сая ам.доллар зарцуулжээ.)

Үр дүн нь тэг. Үүн дээрээс нэмээд . Үр дүнг нь яг өнөөдөр ямар байгааг хүн бүхэн харж байна. “Өмнөх жилээ бодоход утаагүй байна шүү дээ, хүмүүс үхэх яах вэ. Угаасаа цаас түлсэн ч үхдэг л хорвоо” гэсэн утгаар сошиалаар орилж байгаа хүмүүс өнгөрсөн жилийн цаг агаарын хэмийг өнөөдрийнхтэй харьцуулаад харсан нь дээр байх. Өнгөрсөн жилийн өдийд цастай маш хүйтэн байсан шүү.

Энэ солиорлыг Засгийн газар болоод хотын удирдлагууд хөөрөгдөн дэмжиж байгаа нь ч илт. Муу чанартай, буруу технологитой түлш үйлдвэрлэснийг хаа сайгүй мэргэжлийн хүмүүс хэлсээр байна. Харин хамаг оноогоо хар түлшнээс болж алдахаа шахаад байгаа талынхны тайлбараас харвал, Тавантолгой түлш” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Батбаясгалан “Угаасаа жил бүрийн 9-10 дугаар сард иргэд ихээр угаартдаг.

Түлшнээс хордсон гэж хэлж болохгүй. Би үүн дээр хатуу байр суурьтай байна.Түлшинд эргэлзэх ямар ч шаардлага байхгүй. Борлуулалт, үйлдвэрлэлээ зогсоохгүй. Сайжруулсан түлшийг би байнга түлж байна. Сайжруулсан нүүрсийг 200 мянган айл хэрэглэж байхад муухай үнэр үнэртэхгүй л байна. Угаарын хийг хүн мэдрэхгүй байж байгаад үхэлд хүргэдэг. Цаас түлсэн ч “угаартана” гэх мэт.
Нийслэл хотын гэр хороололд амьдарч буй 200 мянган өрхөд хамгийн хямдхан утаа мэдрэгч тараах нь. Ямар ч бараа бүтээгдэхүүн хямд тусмаа чанаргүй. Тооцоо, судалгаа, туршилтгүй “муужруулсан” түлш үйлдвэрлэснийхээ балгыг бас дахин тооцоо судалгаагүй хямдхан шахаагаар аргалахыг тэд хүсэмжилж байна.

Дараагийн асуудал нь утаа мэдрэгчийг гэр хорооллын өрх бүрт тараачихлаа гэж бодъё. Утаа, угаар хоёрыг ялгаж танихгүй байвал яах вэ. Утаа мэдрэгч, утаа гарах тоолонд дуугараад байвал яах вэ. Хүмүүс эвдэхгүй, алга болгохгүйгээр бүгд хэрэглэж чадах уу, эзгүйгээр нь дуугарсныг мэдэхгүй байвал яах вэ. Бүр муугаар ярья л даа. Дуугарахаас нь өмнө угаартахгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ. Дуугарахад нь сэрэх боломжгүй хүүхэд, настан, хөгжлийн бэрхшээлтэй эсвэл хэт нойртой хүн байвал яах вэ.

Эсвэл унтахгүй хараад сууж байх уу, дуугарах тоолонд нь ухасхийж гараад байх уу. Түлшээ өөрчлөөгүйгээс хойш утаа мэдрэгчийг өөрчлөлтэй биш. Энэ бүхний эцэст дахиад хүний амь нас эрсэдвэл “Үнэгүй утаа мэдрэгч өгөөд байхад гэр хорооллынхон ашиглаж чадсангүй” гээд сууж байх уу. Утаа мэдрэгч урьдчилан сэргийлэхээр бүтээгдсэн болохоос угаар бууруулдаг, хүний амь насыг өөрөө авардаг төхөөрөмж биш. Төр засгийнханд түлшээ өөрчилж сайжруулах бодол зурсхийх толгой заяасангүй дээ.

Утааг утаагаар хэзээ ч арилгаж чадахгүй

Ухвар төрийн ахархан бодлого уртаашаа дөрвөн жилд багтаж байгаа учраас утааг арилгаж дийлэхгүй. Учир нь төр барих дөрвөн жилийнхээ эхний жилд нь шинэ хүмүүс нь сандал суудлынхаа учрыг олох гэсээр өнгөрнө. Хоёр дахь жилээс нь ажилтайгаа танилцана. Гурав дахь жилээс нь сонгуульд бэлдэнэ. Сүүлийн жил нь сүржигнэж өнгөрнө. Энэ жил тийм л жил. Өнөөдрийн олон хүний амь нас, эрүүл мэнд авч одсон сайжруулсан түлшний асуудал бол ердөө л сонгуулиас өмнө оноо авах гэсэн арга байсныг олноороо харлаа.

Монгол Улсын хүн амын бараг ихэнх хувьд нь тулгараад байгаа асуудал бол утаа мөн. Утааг хэн багасгаж чадна тэдгээр хүмүүс л өндөр оноог авах учиртай. Тиймээс л Тавантолгой хэмээх түлшийг яаран сандран хийсэн. Тэр ч байтугай түлшний тухай худал мэдээлэл тараасан хүнийг хатуу шийтгэнэ гэж хотын дарга С.Амарсайхан мэдэгдэж байх вэ дээ. Өнөөдөр энэ хотын дарга хэлсэн үгнээсээ ичихийн зэрэгцээ өөрөө хариуцлага хүлээх ёстой. Учир нь тэр маш сайн түлш, утааг бид багасгана гэж тэр худлаа хэлсэн учраас зургаан хүн эндэж, өчнөөн өрх гэр өнчирчхөөд байна. Дашрамд хэлэхэд хэчнээн зөв галлаа ч энгийн зууханд бүрэн шатахгүй түлш гэдгийг өөрсдөө нотолчихлоо. Зөв галлаад болчихдог байсан бол утаа мэдрэгчийн хэрэг байх уу.

Утааг бууруулж гавьяа байгуулж, баатар болох гэсэн хийрхүү мөрөөдлөөсөө болж өчнөөн хүнийг амь насаар нь хохироочхоод хариуцлагаа үүрэхийн оронд “Бид шийдвэрээсээ буцахгүй. Одоо та нарт утаа мэдрэгч үнэгүй тараана” гээд сууж байгаа нь гэр хорооллынхныг доромжлон басамжилсан хэрэг. Төсөв бүрдүүлэгч бусдыг нь ч “луйвардсан” ажил.

Угаар ихээр ялгардаг сайжруулсан хэмээх түлшний яндангаас ялгарч буй утаа нь түүхий нүүрснээс 40 орчим хувь буурсан үзүүлэлттэй байгаа нь л тэд хэдэн ч хүний амийг золиослоод санасандаа хүрэхээр муйхарлан зүтгэж байгаа хэлбэр.
Утааг бууруулсан гэсэн нэр нь хэрэгтэй болохоос хэдэн төгрөгөөр, хэдэн хүний халуун амиар гэдэг нь огтхон ч хамаагүй гэдэг нь эдгээр шийдвэрүүдээс харагдаж байна.

Утааг утаагаар арилгачихсан, утааг угаараар сольж багасгасан туршлага дэлхий дахинд байна уу. Утааг утаагүй аргаар л арилгана гэдгийг захын тэнэг хүн ч мэднэ. Энэ нь түлшнээсээ татгалзаад түүхий нүүрсэндээ буцаад оръё гэсэн үг огт биш.

Нийслэл хотын гэр хорооллын хоёр зуу мянга гаруйхан өрхийг нийтийн, түрээсийн, хувийн гэх мэт шийдлээр орон сууцжуулах урт, богино, дунд хугацааны хөтөлбөрүүд хэрэгжүүлж, цахилгаан станц нь л нүүрсээ түлж байхаар шийдэх арга өчнөөн бий. Гол нь энэ арга урт хугацааны хийгээд унац багатайд л хамаг учир оршино.

Эсвэл айл өрхүүдийн гэр, байшинг хананаас, шалнаас халдаг гэх мэт шинэ технологиудад ойртуулж түүнд нь хөнгөлөлттэй зээл олгох, галлахгүйгээр халаалт, дулаанаа шийдэх шийдлүүдийг олохын оронд заавал гар аргаар галлаж нүүрс, үнс, зуухтай нь ноцолдуулах бодлого барьж байгаа нь гэр хорооллынхны бэрхшээлээр тоглож мөнгө хийх гэсэн ёрын санаа гэхээс өөр юу гэх вэ. Татвар төлөгчдийн мөнгийг нэгээс нь нэхэж аваад нөгөөд нь үнэгүй өгч дундаас нь ашиг унагадаг нь өнөөгийн төрийн ил цагаандаа гарсан доромжлол нь энэ юм.

 

А.МӨНХЖИН

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.