СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн хэмжээнд 45-аас дээш хүүхэдтэй сургалт явуулж байгаа 23 сургууль байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

МХЕГ-аас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, үйл ажиллагаанд хоёр үе шаттай урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийжээ. Улсын хэмжээнд нийт 485, үүнээс нийслэлийн хэмжээнд 185 сурууль, цэцэрлэгийг шалгасан аж.

Ингэхдээ эхлээд сургалтын үйл ажиллагааны бэлтгэл явцыг шалгасан бол дараа нь эрүүл ахуй, хоол үйлдвэрлэлттэй холбоотой хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллааа явуулж буй сургууль, цэцэрлэгүүдэд хэд хэдэн нийтлэг зөрчил илэрсэн байна. Тухайлбал, . Мөн ерөнхий боловсролын сургуулиудын анги дүүргэлт хотод дунджаар нэг анги 39-50, аймгийн төвд 35-47 суралцагчтай байгаа юм.

Хичээлийн хөтөлбөрийн бэлтгэл ажлыг нийслэлд 57, орон нутагт 14 сургууль бүрэн хангаагүй байжээ. Улмаар бэлтгэл ажлаа бүрэн хангаагүй сургуулиудад тодорхой хугацааны дараа дахин хяналт, шалгалт хийхээр болов. Уг нь мэргэжлийн хяналтын байгууллагаас багш нараа эрт ажилд нь оруулж бэлтгэл ажлыг хугацаанд нь хангах албан бичиг өнгөрсөн зургадугаар сард БСШУСЯ-нд хүргүүлсэн байна. Энэ хүрээнд яамны зүгээс тодорхой төлөвлөгөө гарган ажилласан ч төлөвлөгөөний дагуу ажлаа хийж гүйцэтгэж амжаагүй.

Шалтгааныг нь тодруулахад багш нар 48 хоног ээлжийн амралтаа дуусгаад ажилд ороход наймдугаар сарын 20 хүрдэг ч цаг хугацааны хувьд амжихгүй байгаа талаар тайлбарласан. Түүнчлэн багшлах боловсон хүчний хувьд дутагдалтай байна. Жишээлбэл, нийслэлийн хэмжээнд мэргэшээгүй 14, орон нутагт 27 цэцэрлэгийн багш байна. Мэргэшээгүй багш ажилласнаар эцэг эхчүүдтэй зүй бус харьцах, хүмүүжлийн бус зүйл сургах зэрэг сайн багшийн хэмжээнд хүрэхгүй байх асуудал гаргадаг.

Багшлах эрхийн тухай асуудал өөрчлөгдөж эрх олгох шалгалт хийгдэхээ больсон багш мэргэжлээр төгссөн багш нарт ажиллах эрх нь нээлттэй болсон. Харин багшийн орон тоо ихээхэн дутагдалтай гарч байна. Нийслэлийн хэмжээнд 72 багшийн орон тоо дутагдалтай.

Үүнээс 56 нь биологийн багш, 17 нь биеийн тамир, дөрөв нь газар зүйн багшийн орон тоо байна. Орон тооны дутагдалтай байна гэдэг нь цагийн багш авах, цаашлаад мэргэжлийн бус багшаар орлуулан хичээл заалгах зэрэг нь сурлагын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Багш хөгжлийн төв гэсэн томоохон институт орон тооны хомсдол зэргийг урьдчилан харах ёстой.

Энэ жил сурах бичгийн асуудал хүндэрчээ. Бага ангийн сурагчдын сурах бичиг хэвлэлтээс гараад хүргэгдсэн. Харин дунд, ахлах ангийн сурах бичиг хэвлэлтээс гараагүй. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг болтол сурах бичиггүйгээр хичээл зааж байна. Яамны зүгээс сурах бичгийг түрээсээр тараахад бэлэн болсон гэж ярьж байгаа ч газар дээр нь очиж хяналт, шалгалт хийхэд сургуулийн номын санд сурах бичиг очоогүй байдалтай байна. Ийм алдаа дутагдал олон.

Улсын цэцэрлэг хамрах тойргийн хүүхдүүдийг бүгдийг нь хамруулж чадахгүй байгаа учраас хувийн хэвшлийн цэцэрлэгийг дэмжих бодлого улсаас барьж байгаа. Гэвч зарим хувийн цэцэрлэг зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтаар хувийн хэвшлийн цэцэрлэгийн 70 орчим хувь нь зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байна. Уг зөрчлийг арилгуулахаар тухай бүрт нь албан шаардлага хүргүүлсэн. Нийтдээ сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүрээнд 420 зөрчил илэрсэн байна.

Барилгын ажил саатаж буй нэг шалтгаан нь тендерийн маргаан

Дараагийн нэг зөрчил нь гаднах орчны аюулгүй байдал хангагдаагүй сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байх юм. Гаднах эдэлбэр, барилга байгууламж, тоглоомын талбайн ашиглалт, хамгаалалт хангагдаагүй 57 цэцэрлэг орон нутагт байна.

Түүнчлэн ерөнхий боловсролын 29 сургууль ашиглалтын зөрчилтэй гарсан. Нөгөөтэйгүүр, өргөтгөлийн ажил нь дуусаагүй хэд хэдэн сургууль бий. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн өргөтгөл баригдаж дуусаагүй байна. Өргөтгөл ашиглалтад орсны дараа нэмэлт элсэлтээ авах юм. Өргөтгөл нь баригдаж дууссаны дараа нэмэлт элсэлтээ авна гэхээр сургалтын үйл ажиллагаанд бас л завсар гарна.

Шинээр элссэн хүүхдүүдийг аль түвшнээс явуулах, гүнзгийрүүлсэн хөтөлбөрөө хэрхэн нөхөж гүйцээх зэрэг асуудалтай. Мөн Баянгол дүүрэгт 47-р сургууль, 114 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн ажил дуусаагүй. Чингэлтэй дүүргийн 37, 39 дүгээр цэцэрлэгийн барилгууд ашиглах боломжгүй гэсэн заалтаар буулгаж шинээр барилга барих шийдвэр гарсан хэдий ч энэ ажил нь эхлээгүй төдийгүй хүүхэд аваагүй байна. Харин Чингэлтэй дүүргийн есдүгээр цэцэрлэг өргөтгөлийн ажил хэдхэн хоногийн өмнө эхлүүлж, өргөтгөлийн барилгаа нураасан. Одоогийн байдлаар цэцэрлэгийн үйл ажиллагаа түр хугацаанд зогссон.

Ийнхүү барилгын ажил саатаж байгаа шалтгаан нь тендерийн маргаан, байгалийн таагүй нөхцөл, гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдал зэрэг асуудалтай холбоотой хугацаа хойшилсон тохиолдлууд гарсаар. Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар сургуулийн засварын ажил гэхэд л тендертэй холбоотойгоор энэ оны наймдугаар сарын 10-ны өдөр эхэлж, одоогийн байдлаар гурван ээлжээр хичээллэж байна.

Үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын үр дүн, зөрчлүүдийн талаар МХЕГ-ын Боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэнээс тодрууллаа. Тэрбээр:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2019-2020 оныг хүүхэд хамгааллын жил болгож ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан МХЕГ-ын эрүүл мэнд, боловсрол, соёлын хэлтсийн хяналтын газраас хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн эрхтэй холбоотой асуудлуудыг сайжруулах чиглэлээр хүүхдийн эрх, аюулгүй байдал гэх нэг сарын аяныг хийсэн. Сургууль цэцэрлэг урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан хянан шалгалт хийгдсэн.

Хянан шалгалтын үр дүнд байгаа зөрчлүүдийг “илааршуулах” талаар шат шатандаа анхаарах хэрэгтэй учир БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн тамгын газрын боловсрол хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд, сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, тогооч, эмч нарт сургалт, арга зүйн зөвлөгөөг хийсэн.

Бодлогын хувьд ямар дүрэм журмыг сайжруулах шаардлагатай, зохион байгуулалтын хувьд юу дутагдалтай байгааг хэлэлцлээ. Менежмэнт хийж байгаа нэгжийн удирдлагууд өөрсдийн хариуцлагагүй байдлаас болоод хийгдэхгүй ажлууд байна. Үүнээс гадна, хүчин чадал, багтаамж, мэдлэг мэдээлэл нь хүрэхгүй байгаагаас хийгдэхгүй байгаа ажлууд бий.

Үүний нэг нь боловсролын хяналтаар гарсан зөрчлүүдэд анги дүүргэлтийн асуудал. Одоогийн байдлаар нийслэлд нэг ангид 45-аас дээш хүүхэдтэйгээр хичээл сургалт явуулж байгаа 23 сургууль байна. Нэг ангид хэт их хүүхэд суралцсанаар багшийн ажилд болон сургалтын чанарт муугаар нөлөөлдөг.

Үүнийг сайжруулах ажил барилга байгууламжийн хүрэлцээ хангамж дутагдалтай байгаагаас удааширч байна. Түүнчлэн шинээр барьж байгаа барилгуудыг цаг хугацаанд нь хийж дуусгахгүй байгаатай холбоотой. Энэ нь бас л мөнгө санхүү, сахилга хариуцлага, тендерийн будилаан зэрэг аргацаасан ажлуудаас үүссэн. Багшийн хүрэлцээ хангамжийн хувьд нийслэлийн хэмжээнд орон тоо гарсан хэрнээ 72 багшийг авч ажиллуулаагүй хичээлийн жил эхлүүлсэн том зөрчил илэрсэн.

Сургууль бол багшгүйгээр сургалт явуулах боломжгүй. Тиймээс цаг хугацаа алдагдуулж шинэ багшийн сонгон шалгаруулалт хийсэн. Энэ нь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр шинчлэгдсэн арга зүйн зөвлөмж, семинаруудад оролцоогүй багш ажилд орж байна гэсэн үг.

Дунд болон ахлах ангийнхны сурах бичиг хэвлэлтээс ч гараагүй байна

Мөн сурах бичиг, лабораторийн хувьд хүрэлцээгүй байна. Одоогийн байдлаар бага ангийн сурагчдын сурах бичиг бүрэн хангагдсан. Дунд болон ахлах ангийнхны сурах бичиг хангагдаагүй, хэвлэлтээс ч гараагүй байдалтай байна. Багшийн ачаалал их байхад дээрээс нь сурах бичиг байхгүйгээр тухайн багш ажлаа хийнэ гэдэг бэрхшээлтэй. Яам, тамгын газар, засаг захиргааны нэгжүүд бүгд багш, сургуулийн ажлыг шалгалтаар их дардаг нь сургалтын чанарт муугаар нөлөөлж байгаа үзүүлэлт гарсан.

Тиймээс төрийн байгууллагууд ажлаа уялдуулан нэгдсэн том хэмжээний шалгалт авдаг болгох, хоорондын уялдаа холбоогоо сайжруулан, мэдээллээ солилцсоноор нэгжид байгаа ачаалал буурна. Үүнийг зохион байгуулалтын хувьд сайжруулахад анхаарч ажиллаж байна. Харин эрүүл ахуйн халдвар хамгааллын чиглэлээр хийгдээгүй ажлууд цөөнгүй байсан. Сургуулийн удирдлага, эмч, ажилтнууд ундны усны шинжилгээг хичээл эхлэхээс өмнө зуун хувь шинжилгээнд хамруулсан байх шаардлагатай.

Үүний дагуу МХЕГ-аас улсын хэмжээнд 415 сургуулийг хяналт шалгалтын явцад өөрсдийн лабораториор шинжилгээг нь хийж өгсөн. Энэ бол үүргээ мэддэггүй, хариуцлагаа ухамсарладаггүйтэй холбоотой гарч байгаа зөрчил. Мөн сургуулийн байгууллагад ажиллаж байгаа ажилчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх ёстой. Гэтэл ажилчид хуурамчаар бөглүүлэх, бөглүүлээгүй байх зэрэг зөрчлийг илрүүлсэн. Шалгалтын явцад тус ажилчдын 95 хувийг үзлэгт хамрагдуулсан” гэв.

Анги дүүргэлт их байгаатай холбоотой анги танхимын дотоод агаарын бохирдол их байгаа шинжилгээний дүн мэдээг холбогдох газруудад хүргүүлж, цэвэршүүлэх асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь агааржуулалт суурилуулсан явдал юм. Өвлийн цагт агаарын бохирдол ихтэй учир агаар цэвэршүүлэгчийг анги танхимуудад байрлуулж, агаар сэлгэлт хийжээ.

Мөн улсын хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг багасгахад анхаарч ажиллаж байгаа. Эхний ээлжинд арваннэгдүгээр сар гэхэд сургуулиудын өргөтгөл ашиглалтад орж чадахгүй бол зарим их, дээд сургуулийн ашиглагдахгүй байгаа сургууль руу шилжүүлэх талаар хэлэлцэж байна. Энэ асуудал ирэх арваннэгдүгээр сард тодорхой болох юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.