Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зөвшилцлийн ажлын хэсгийн зөвшилцлийн явцын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.
Тэрээр,
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Зөвшилцлийн ажлын хэсгийг МАН-ын бүлгээс 5 гишүүн, АН-ын зөвлөлөөс 3 гишүүн, ШИНЭ намаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын 10 хүн орж ажиллаж байгаа. Зөвшилцлийн ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хуулиа өөрчлөх зөвшилцөлд хүрчээ. Улмаар Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцүүлж дэмжсэн байна. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцүүлэх юм гэлээ.
Журмын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн 3-р хэлэлцүүлгийн үеэр зарим нэг нэмэлт оруулах эрхзүйн зохицуулалтыг ч тусгаж өгөхөөр болжээ. Ингэснээр АН-ын зөвлөлөөс тавьж байгаа саналуудыг ҮХНӨ-д оруулах боломж бүрдэх юм байна. Гэхдээ чуулганд 57 гишүүнээс дээш ирцтэйгээр хэлэлцэж шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж мэдээллээ.