Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, хоёрдугаар хороолын нутаг дэвсгэрт байрладаг ашиглалтын шаардлага хангахаа больсон 10, 11, 12 дугаар байрыг нурааж, нийт 0.51 га талбайд дахин төлөвлөлтийг хийхээр шалгарсан компани хоёр жилийн турш хайгаад олоогүй хүнээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар олжээ.
Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/660, А/977, 2015 оны А/151, А/313, А/782, 2016 оны А/491, 2017 оны А/120, А/203 дугаар захирамжийг үндэслэн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын барилгажилтын төсөл боловсруулж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх эрх бүхий аж ахуй нэгж байгууллагыг сонгох шалгаруулалтыг 2017 онд зарлаж байжээ.
Уг сонгон шалгаруулалтад оролцож, Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны төслийг хэрэгжүүлэгчээр шалгарсан Т гэх компани ашиглалтын шаардлагыг хангахаа болсон дээрх барилгын эзэмшигч нэг бүртэй уулзан холбогдох гэрээг байгуулан нурааж, шинээр барих барилгын ажлаа эхлүүлэх гэсэн боловч 11 дүгээр байрны 01, 02 тоотын оршин суугч огт олдохгүй байжээ.
Уг байрыг түрээслэж байгаа хүмүүс жинхэнэ эзэмшигчийнх нь нэрийг огт мэдэхгүй байсан бөгөөд жинхэнэ эзэмшигч нь хороо, дүүрэгтээ огт бүртгэлгүй байсан нь төслийг хэрэгжүүлж эхлэхэд ихээхэн саад тушаа болжээ.
Гэвч хэдхэн хоногийн өмнө ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Э.Бөхбатын эзэмшдэг байртай холбоотой асуудал олон нийтэд хүчтэйгээр цацагдах үед хоёр жил хайгаад олохгүй байсан хүнээ Т компанийнхан олсон байна.
Тус компанийнхан хоёр жилийн турш хайгаад олоогүй 11 дүгээр байрны 01, 02 тоотын жинхэнэ эзэмшигч нь хурандаа Э.Бөхбат гэдгийг хэвлэлийнхний тусламжтайгаар мэдэж чадсан хэдий ч түүнийг одоог хүртэл хайж олж, гэрээгээ байгуулж чадахгүй байгаа гэв.
Хэрвээ тус компани Э.Бөхбат хурандаатай дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх гэрээгээ байгуулж чадвал мэргэжлийн байгууллагын удаа дараагийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй болох нь тогтоогдсон хотын өнгө үзэмжийг гутааж байгаа доорх барилгуудыг нурааж, орчин үеийн загвар хийцтэй шинэ барилгууд баригдах боломж нөхцөл бүрдэх юм байна.