УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Болд нар мэдээлэл хийлээ. ОУПХ-оос ирүүлсэн нууцын зэрэглэлтэй, нууцын тамга дарсан баримтыг дэлгэж байгаагаа тодотгоод, хариуцлага хүлээх бол хүлээнэ гэдгээ УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэллээ.
Тэрбээр, "Хүний эрхийн олон улсын парламентын холбооноос түр хорооны гишүүдэд ажилласан дүгнэлтээ есдүгээр сарын 6-нд явуулсан. Хүний эрхийн комисс, Төрийн гурван өндөрлөгт, бүх холбогдох албан тушаалтнуудад хүний эрхийн хорооны дүгнэлт явуулсан. Мөн С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хорооны гишүүдэд хаягласан байсан. Энэ дүгнэлтийг УИХ-ын Гадаад харилцааны хэлтэс түр хорооны гишүүдээс бүтэн нэг сар нуусан байна. Гуравхан хоногийн өмнө Гадаад харилцааны хэлтсийн дарга солигдсоноор энэ дүгнэлт бидний гарт ирлээ. Бид мэдээллийг нягтлаад олон нийтэд дэлгэх гэтэл нууцын тамга дараад төрийн нууцад авчихлаа. Хулгайгаа нуудаг аргаараа нууцын тамга дарчихлаа. Бүтэн сар нууж байгаад нууцын тамга дарсан. С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван хүн ял авсан. Үүнтэй холбоотой Олон улсын парламентын холбооноос дүгнэлтээ ирүүлэхэд нууц болголоо. Энэ нууцыг задалснаар шоронд явах ёстой бол явъя” гэв.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт гурван хүн ял авсан. Гурван шатны шүүхээр ороод шүүхийн шийдвэр гарчихсан. Тухайн хавтаст хэргийн материалын 98 хувь нь Засгийн газар нууцаас гаргачихсан.
Хүний эрхийн олон улсын парламентын холбооноос ингэж дүгнэжээ: Түр хорооны чиг үүргийг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Гурван шатны шүүхийн шийдвэрийг танилцуулахгүй байгаа нь хууль зөрчиж байна гэж дүгнэсэн.
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах нь Эрүүдэн шүүсэн тухай хэргийн шийдвэрээс үл хамаарах ёстой гэж бичсэн байна. Энэ хоёр гэм зэмгүй хүмүүсийг эрүүдэн шүүж ял тулгасан хүмүүсийг суллах нь Төв аймгийн шүүхийн шийдвэрээс хамаарахгүй. С.Зоригийн хэргийг шударга шүүхээр шүүгээгүй гэж ОУПХ дүгнэсэн байна.