Ардын жүжигчин Н.Сувд: Драмын театр хэзээ мөдгүй нурах гэж байгаа. Театрыг шинэчлэх ажлыг битгий зогсоогооч
Монгол Улсын урлаг соёлын ууган байгууллагууд болох Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Монголын Үндэсний номын сангийн барилгуудыг шинэчлэх ажлыг зогсоох гэж буйгаа БСШУС-ийн сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэнтэй холбогдуулан дээрх байгууллагын удирдлагууд өнөөдөр албан ёсоор байр сууриа илэрхийллээ.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ц.Түвшинтөгс:
Монгол Улсын урлаг соёлын ууган байгууллагуудын барилга, бүтээн байгуулалтын ажлыг зогсоох гэж буйгаа БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдсэнтэй холбогдуулан энэхүү хэвлэлийн бага хурлыг хийж байна. Ё.Баатарбилэг сайд аравдугаар сарын 08-ны өдрийн мэдэгдлээ эргэн харж, Төв номын сан, Дуурь болон Драмын театрын барилгыг шинэчлэх ажлаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хичээнгүйлэн хүсэж байна. Нийгэмд худал болон сөрөг мэдээлэл тарааж, ард иргэдийг төөрөгдүүлж буй асуудлыг таслан зогсоож, соёл урлагийн шинэчлэлийг хийх цаг болсон. 1970 оноос өмнөх эдгээр барилгуудыг газар хөдлөлтийн аюулгүй байдал, тэсвэрийн тооцоололгүйгээр хийгдсэн.
Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуу:
Соёлын барилгыг шинэчлэх ажлыг зогсоож байгаа нь яав ч сайн зүйл биш. Урлагийнхан бид ядарч байна, зовж байна, цангаж байна гэж төр засаг, олон түмэнд хэлж байсан удаагүй. Монгол Улсад орчин цагийн урлагийн байгууллага үүсч хөгжөөд 100 хүрэхгүй жил болж байна. Улсын төв театрыг 1931 онд үүсгэн байгуулж байсан. Энэ үйл явдлыг Монголын ард түмэнд гарсан оюуны хувьсгал гэж үздэг. Ер гаруй жил түмэн олныхоо дэмжлэгтэйгээр өдий зэрэгт хүрлээ. Манай театрын барилга маань маш товчоор хэлбэл гурван өрөө байранд гурван айл байгаатай ижил байгаа. Драмын театрын нэг байранд Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр гурвуулаа хамт байгаа. Дундаа нэг гал тогоотой учраас зарим нь өглөө, зарим нь өдөр, зарим нь шөнө ажиллаж байна. Сүүлийн 30 жилийн турш төр засгаас тоож дэмжилгүй хаясан энэ салбарт У.Хүрэлсүхийн Засгийн газар онцгой анхаарч эхэлсэнд бид маш их баярласан. Өнгөрсөн жилээс эхлэн урлагийн салбарын цалинг 8-30 хувь нэмэгдүүлж, олсон орлогоо 100 хувь байгууллага ажилтныхаа нийгмийг асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах эрхийг олгосон. Үүгээр ч зогзохгүй барилгын ажлыг нь өргөтгөх томосгох хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэж өгсөн. Бид дэлхийн улс орнуудаас техник тоног төхөөрөмж, барилга байшингаараа асар хол хоцорсон. Дэлхий нийт орчин үеийн техникээр бүрэн тоноглогдсон байхад бид гар ажиллагаатай хоцрогдсон төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулж буйгаасаа ичиж байсан. Гэвч яг шинэчлэлт засварлалтын ажил эхлэх гэтэл хэсэг бүлэг хүмүүс зориудаар харлуулан муутгаж энэхүү ажлыг зогсоох гэж байгаад маш их харамсаж байна. Манай барилгын чанар маш их муудаж, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тодорхой болсон.
Монголын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо:
Улсын драмын эрдмийн театр 1960 оноос, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 1953, Үндэсний номын сан 1950 оноос хойш одоогийн энэ барилгадаа үйл ажиллагаагаа явуулж байна. Гурвуулаа модон карказтай хийгдсэн. Сүүлийн 70 жилийн турш их засварын ажил огт хийгдээгүй учраас ослын байдалтай болоод байгаа. Үүнийг нь мэргэжлийн байгууллагуудаас удаа дараа тогтоосон. Хэзээ мөдгүй нурж унахад бэлэн болсон байна. Үйл ажиллагааг нь зогсоо гэдэг дүгнэлт гарсан. Эдгээр барилгуудад соёлын хосгүй өв хийгээд хүмүүс байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх барилга дээр ирж танилцаад эдгээр барилгыг үнэхээр шинэчлэх цаг болсон байна. Хоёрын хооронд засвар хийсэн болоод яах вэ нэг мөсөн өргөтгөөт шинээр томсгоод бариад өгье гэсэн. Барилгын зөвхөн урсгал засвар буюу нэг барилгын дээврийг засахад 450 сая, хүчитгэхэд 680 сая төгрөг шаардлагатай байгаа. Мэргэжлийн хүмүүс нь үг дуугараагүй байхад мэргэжлийн бус хүмүүс байгууллагууд соёлын өвийг устгах гэж байна гэж хэдэн талаас нь шүүмжилсээр байгаад засварын ажлыг зогсоох хэмжээнд хүрчихсэнд маш их харамсаж байна. Манай барилгууд газар хөдлөлтын идэвхтэй бүсэд байрладаг учраас нэн даруй шинэчлэх засварлах цаг болсон. Хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхэн манай гурван барилга дээр ирж, газар дээрээс нь сурвалжлаач ээ. Дотор нь ажиллаж байгаа хүмүүсээс үнэн бодит мэдээллийг аваасай. Үндэсний номын санд Монголын ард түмний бий болгосон өв соёл тусгаар тогтнол нь байгаа. Тэрхүү соёл түүхийн тусгаар тогтнол маань ямар хүнд хэцүү нөхцөлд байгааг бид хангалттай харуулсан. Үндэсний номын сангийн барилга цахилгааны ил монтажтай. Гал гарах өндөр эрсдэлтэй. Бороо орохоор түүх соёлын хосгүй өвөө живүүлчихгүйн тулд ажилтнууд нь усны гутал өмсөөд урсаад ирсэн шалбаагийг арчиж байгаа. Энэ соёлын өвөө хамгаалах аврах цаг болсон. Амь нь хэзээ мөдгүй тасрах гээд байна.
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд:
Би сүүлийн 60 жил драмын театрын барилгын шинэчлэлт өөрчлөлтийн талаар сонсож байна. 1960 онд намайг тэнд ажиллахаар ирэхэд л нэг театрын барилгад гурван өөр байгууллага байгаа нь хүрэлцэхгүй байна хэмээн үе үеийн мундагууд маань холбогдох удирдлагууддаа хэлж, гомдоллодог байсан. Бүтэн 60 жилийн турш хийгдээгүй ажил яг хэрэгжих мөч болоход хүмүүс шүүмжилсээр байгаад зогсоож байгаад харамсаад барахгүй байна. Драмын театрын барилгыг ослын түвшинд хүрсэн гэдгийг Монголын төдийгүй Германы мэргэжлийн байгууллага тогтоосон юм шүү дээ. Манай театрын байранд зун жүжиг үзэхэд дээрээс нь борооны дусаал гоождог шүү дээ. Тэр барилгын модон карказ нь илжрээд бүх тоосго нь хөгцөрч хагарч үйрсэн хэзээ мөдгүй нураад ирэхэд бэлэн байна гэдгийг тогтоочихсон юм шүү дээ. Ийм барилга дотор ажиллаж байгаа, энэ театр дотор тоглож байгаа жүжигчдийн амь үнэгүй юм гэж үү. Энэ барилгыг будаад торгоогоод байх ямар ч боломжгүй гэдгийг та бүхэн ойлгоод өгөөч. Энэ театрын барилгыг нураагаад хаячихгүй. Яг энэ загвараар нь томоор шинээр барих гэж байгаа юм шүү дээ. Манайд ирж тоглож байгаа гадаадынхан ишш чааваас даа зайлуул гэж өрөвдөж л тоглодог. Энэ барилгыг шинэчлэх ажил зогсох ёсгүй. Боловсролын сайд шийдвэрээ эргэн харах ёстой.
Соёлын өвийн төвийн захирал Н.Энхбат:
Барилга байшингийн үзлэг тооллогыг 2015 онд Монгол Улс хийсэн. Энэ үзлэгээр нэр дурдагдаад байгаа дөрвөн барилгыг үзээд соёлын өвд хамааруулаагүй юм шүү дээ. Энэ барилгуудыг нэн даруй шинэчлэх засах ёстой.
Монгол Улсын зөвлөх инженер н.Баяржаргал:
Дээрх барилгуудад он удаан жил засвар хийгээгүйгээс асар их илжирж муудсан. Стандарт шаардлагыг хангах зүйл огт үлдээгүй. Белтаж нь ердөө 200 кг даахуйц чанартай, даацын хана илжирч муудсан, тоосгонууд бутарч хагарч үйрсэн байдалтай байгаа.
Барилгын эрсдэлийн үнэлгээний мэргэжилтэн, Доктор н.Баяржаргал:
Би 2015 онд Драмын театрт эрсдэлийн үнэлгээ хийхэд маш аюултай нөхцөл байдал илэрсэн. Газар хөдлөлтийн долоон баллын эрсдэлтэй орчинд байгаа энэ барилга нь ганцхан орц гарцтай. Энэ барилгад газар хөдлөлт, галын аюул нүүрлэхэд дотор нь үзвэр үзэж байгаа олон зуун хүмүүс, жүжигчид бүгд эрсдэлд орохуйц байдалтай байсан.
Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар:
Урлагийн бид хучдаг замын ноход биш. Бид их чимээгүй удаан харлаа. Одоо дуугарахаас өөр аргагүй боллоо. Уран бүтээлчид бид нийгмийн баялаг. Гэтэл биднийг хог гэж үзэж байна. Энэ театрын барилга ямар байгааг дотор нь ажиллаж байгаа бид маш сайн мэднэ. Гэтэл энэ барилгыг гаднаас нь харж байгаа хүн мэдэхгүй. Эдгээр барилгууд маань дөрвөн баллд тэсэхгүй болчихоод байгааг мэргэжлийн хүмүүс нь тогтоочихоод байна. Хэрвээ гэнэтийн осол эдгээр барилгууд чинь уран бүтээлчдийг, үзэгчдийг дараад алчихвал одоо хуцалдаад байгаа гудамжны нохдууд юу ч хэлэхгүйгээр зугтаана. Энэ барилгууд чинь агааржуулалтгүй, чийгтэй, өмхийрсөн, хөгцөрсөн орчинд ажиллаж байна. Нэг өрөөнд 10 жүжигчин чихчихсэн, шал цөмөрчихсөн орчинд эрүүл мэндээрээ хохирон ажиллаж байгаа урлагийнхнаа яагаад тоохгүй байгаа юм. Урлагийнхныг ядуу, ядруу, өвчтэй, аюултай орчинд байлгах гэсэн замын нохдын үгэнд битгий автаач.