УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдэглзүүүлсэн УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж судлаач Д.Ганхуяг Үндсэн хуулийн цэцэд хандаад байсан юм. Ингэхдээ УИХын гишүүн Д.Гантулгын сонгогдсон 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн маргаан үүсгэсэн юм. Тэгвэл Үндсэн хуулийн цэц өнөөдөр/2019.10.09/ их суудлын хуралдаанаар УИХ-ын тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулах боломжгүй болж байгаа хэрэг юм. Уг нь УИХ-аас тогтоол гаргаж УИХ-ын гишүүн Д.Гантулгын сонгогдсон Хэнтий аймгийн 42-р тойрогт нөхөн сонгууль явуулахаар болоод байсан ч ийнхүү цэц дээр маргаан өрнөсөн учир өнөөдрийг хүртэл нөхөн сонгууль бололгүй хойшилсоор байсан. Харин энэ удаад Үндсэн хуулийн цэц Их суудлын хурлын шийдвэрээ гаргаснаар нөхөн сонгууль явуулах боломж бүр мөсөн хаагдаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоосон, мөн зардлын хэмжээг баталсан Улсын Их Хурлын 2019 оны 22, 23 дугаар тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг өмнө нь гаргасан билээ. Улсын Их Хурал уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж ийн шийдвэрлжээ.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Монгол Улсын Их Хурлын 2019 оны 66 дугаар тогтоолыг хүчингүй болгожээ.