Сайжруулсан шахмал түлшнээс үүдэж одоогоор Улаанбаатар хотноо 80 гаруй хүн угаартаж, зургаан хүн амь насаа алдаад байна. Үүсээд байгаа асуудалтай холбогдуулан "Тавантолгой түлш" ХХК-д Нийслэлийн Онцгой комисс ажиллаж байна
Энэ үеэр нөхцөл байдлын мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас өглөө. Яг өнөөдрийн /2019-10-08/ байдлаар угаартсан байж болзошгүй гэсэн хүний тоо 116 байгаа бол 83 хүн эмнэлэгт хандаж, зөвлөгөө тусламж авсан. Өнөөдөр үдээс өмнө нэг хүн нас барсан хэмээн нэмж бүртгэгдсэн. Яг одоо эмнэлэгт хэвтэж байгаа хүн зургаа, нас барсан хүн мөн зургаа болоод байна. Эх нялхаст хэвтэж байгаа 16 настай хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа бол нялх хүүхдийнх нь биеийн байдал хүнд байна гэлээ.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан
"НЭМҮТ-ийнхэн эрсдэлийн үнэлгээ хийж, олон нийтэд зөвлөж өгөх хэрэгтэй байна. Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтраад анхан шатны түргэн тусламжийг үзүүлэх нэвтрүүлэг бэлдэж хэвлэлүүдээр гарга. Өрхийн эмнэлгүүд дээр анхны тусламжийг үзүүлж баймаар байна" гэлээ.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөөлөл Ч.Гантулга
"Сайжруулсан түлшийг Геологийн төв лаборатори, Ашигт малтмалын төв лабораторийн шинжилгээгээр таван үзүүлэлтээр баталсан. Одоо үйлдвэр онцгой хяналтад орсон, гурван байгууллагын хатуу хяналт дор 24 цагаар ажиллаж байгаа. Цэргийн харуул хамгаалалт ажиллуулах талаар ярьж байна. Гадны хүчин зүйл орохгүй байх талаас нь ингэж ажиллах ёстой.
Осол гарсан айлуудад шалгалт хийхэд пийшингийн хавхлагийг бүрэн хаасан, яндан дотроо бөглөрсөн гэх мэт алдаа их байна. Түлшинд буруугаа өгөх нь арай эрт байна. 52/16 зуухны стандартыг барьж ажилла гэсэн хотын даргын захирамж 2017 онд гарч байсан. Муу зуухыг ашиглахыг хориглосон байтал айлууд өөрсдөө хэрэглэсээр байна. Өндөр илчлэгтэй, шаталттай, халалтийг удаан барьдаг түлшийг тэдгээр зуух дийлэхгүй шүү дээ. Ханан пийшин хуучирсан. Оросууд л бидэнд зааж өгсөн арга шүү дээ.
Сайжруулсан зуух сэрүүн дулаан газрын горимд ажиллах заалттай. Монгол орон хүйтэн оронд багтдаг. Сайжруулсан зууханд Монголын нөхцөлд тохирсон түлш хэрэглэе гэвэл стандартыг мөрдүүлж ажиллах л ёстой" гэлээ.
"Тавантолгой түлш" Хязгаарлагдмал хариуцлагатай Төрийн өмчит компанийн ахлах зөвлөх Бадамхатан
"Засгийн газрын 18-р тогтоол гарсанаас хойш 2018 оны тавдугаар сараас эхлэн 11 сар хүртэл манай компани түлш үйлдвэрлэх талаар ажиллаж ирлээ. Олон судалгаа хийсэн.
Олон Улсад түлш үйлдвэрлэхдээ барьцалдуулагч холих, өндөр даралтаар шахах гэсэн хоёр арга ашигладаг. Монголын нөхцөлд эхний арга тохиромжтой. Одоогоор 500 гэрээт борлуулагчаар дамжуулж сайжруулсан түлшийг борлуулж байгаа. Зарчим нь 400 өрхийн дунд нэг цэг байх ёстой ч хараахан ийм боломж бүрдээгүй" гэлээ
Эрчим хүчний яамны төлөөлөл
"Таван толгой түлш ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тогвтортой явуулахын тулд цахилгаан хангамжийн асуудлыг анхаарч өргөтгөл хийсэн. Үйлдвэрийн өөрийнх нь тоног төхөөрөмжийг тогтвортой явуулах чиглэлээр яам анхаарч ажиллаж байна. Нэмж хоёр шугам угсрах ажил хийгдэж байна. Үйлдвэр өдөртөө 2500 тонн түлш үйлдвэрлэх ёстой. Тогтвортой ажиллаж байгаа" гэлээ.
Онцгой комиссийн хуралдааны үеэр холбогдох байгууллагын төлөөлөл бусад мэдээллийг өгсөн юм.
Онцолбол:
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хурлын төгсгөлд дараах үүрэг даалгаврыг өглөө.
· Нийслэлийн Засаг даргын орлогч нарт 2019 оны 11 дүгээр сарын 01-ний дотор бүх айл өрхийг утаа мэдрэгчээр хангах ажлыг хийхийг үүрэг болгосугай. Шаардагдах хөрөнгийг Засгийн газарт оруулж гаргуулах.
· Нийслэлийн Засаг даргын агаар орчны бохирдол хариуцсан орлогчид Нийслэлийн бүх айл өрхүүдэд урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөгөө хүргэх ажлыг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуул.
· Нийслэлийн бүх дүүрэг хорооны ажилтнууд айл, өрх нэг бүрээр орж зуух, пийшингийн аюулгүй байдал зохистой хэрэглээг хангуулах, зөвлөх ажлыг хийлгэх,
· БНСУ, ОХУ, БНХАУ-д сайжруулсан түлшний дээжийг хүргүүлж шинжилгээний хариуг яаралтай авч хариуг олон нийтэд мэдээлэх,
· Нийслэлийн цагдаагийн газарт: Сайжруулсан түлшийг иргэдэд зарж борлуулж буй цэг нэг бүрээр орж борлуулж буй бүтээгдэхүүнд ямар нэгэн химийн нэмэлтийг хөндлөнгөөс хийж буйг шалга.