АНУ-ын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын нэгж агентлагууд болон байгууллагуудыг Шинжаан мужийн Уйгуруудын эсрэг хүч хэрэглэсэн хэмээн үзэж хар жагсаалтад багтаасан гэдгээ мэдэгдлээ. Эдгээр 28 байгууллага, аж ахуй нэгж АНУ-ын компаниудтай Вашингтоны зөвшөөрөлгүйгээр худалдаа, наймаа эрхлэх боломжгүй болж байгаа юм.
Хар жагсаалтад багтсан компаниуд дунд харуул хяналтын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг дэлхийд томоохонд тооцогдох үйлдвэрлэгч багтжээ. Одоогоор Хятадын талаас Америкийн шийдвэрт хариу үйлдэл үзүүлээгүй байна. Америкийн худалдааны тэнхимээс дээрх байгууллагууд хүчирхийлэл, хүч хэрэглэн хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн хэмээн буруутгажээ.
Хятадын саатуулах лагерьт хоригдож байгаа уйгур хүмүүсийн нүдийг боож галт тэргээр зөөж буй бичлэг дэлхий дахинд тархсан. Бээжингийн эрх баригчид дахин хүмүүжүүлэх, саатуулах төвүүдийг хэт даврагсадтай тэмцэх арга гэж тайлбарласаар ирсэн билээ.
Хар жагсаалтад хэн багтав?
Америкийн Засгийн газраас хар жагсаалтад оруулсан байгууллагууд дунд уйгурууд, казахууд зэрэг исламын шашинтай жижиг овог аймгуудыг тагнан турших зорилготой технологийн компаниуд төдийгүй Бээжингийн шийдвэрийг туслан гүйцэтгэгч нэгж агентлагууд багтсан юм.
Шинжаан мужийн Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах товчоо, бусад 19 нэгж агентлагийн хамт хар жагсаалтад оржээ. Үлдсэн найм нь худалдааны байгууллагууд бөгөөд тэдний дунд царай таних технологийг хөгжүүлдэг Дахуа технологи, Мегви технологи гэсэн компаниуд байгаа юм. Мөн хяналтын тоног төхөөрөмж үйлдвэрлэлтээрээ дэлхийн томд тооцогддог Хайквишн компанийг Америкийн худалдааны нэгжүүдтэй хамтран ажиллахыг хориглов.
Өнгөрсөн тавдугаар сард Вашингтон Хятадын технологийн тэргүүлэгч Хуавэй компанийг хар жагсаалтад оруулсан билээ.
Сая исламын шашинтай иргэн саатуулах лагерьт хоригдож байна
НҮБ болон бусад хүний эрхийн байгууллагын мэдээлснээр дахин хүмүүжүүлэх, хорих лагериудад сая орчим уйгур, исламын шашинтай иргэн саатуулагдаж байна. Олон улс Хятадын Засгийн газрын Шинжаанд хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцэн шүүмжлэх нь улам бүр нэмэгдэх болсон.
Уйгурууд нь Түрэгээс гаралтай исламын шашинтай иргэд юм. Тэд Хятадын Шинжаан мужийн хүн амын 45 хувийг бүрдүүлдэг бол Хан овогт Хятадууд 40 хувийг бүрдүүлдэг байна. 1949 онд зүүн Туркестан мужийг бутарсны дараа Хятадын Засгийн газар дахин хяналтаа бүрэн тогтоож эрхшээлдээ оруулсан байдаг.
Энэ цагаас хойш хоёр өөр соёлын зөрчил хурцатсан. Шинжаан муж нь албан ёсоор Түвдтэй адил Хятадын тусгай эрхт бүс нутаг гэж тодорхойлогддог байна.
Эх сурвалж: www.bbc.com