СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-10-08

Б.Шинэбилэг: Гэр хорооллын төв гудамжуудыг зургаар гоёно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

“Солонгон бүрхүүл” стрийт арт аяны хүрээнд “Гэр хороололд өнгө нэмье” уриан дор хүсэл сонирхлоороо нэгдсэн стрийт артистууд гэр хорооллын есөн худгийн ханан дээр хүүхдэд зориулсан зохиомж зураг зураад буй. Нийслэл Улаанбаатар хот тэр дундаа гэр хороололд өнгө нэмж, хүүхдийн нүүрэнд баяр баясал бэлэглэж буй залуу артистуудын бүтээл “Улаанбаатар смарт карт”-ны зураг болон хэвлэгдэхээр болсон. Тэгвэл тус аяны санаачлагч, “Creative motion” нийгмийн төсөл хэрэгжүүлэгч агентлагийн захирал Б.Шинэбилэгтэй цөөн хором ярилцлаа.

-Солонгон бүрхүүл аян олон хүүхдэд инээмсэглэл бэлэглэж буй. Энэ аяныг өрнүүлэх сэдэл юу байв?

-Аав ээж хоёр минь намайг хоёр настай байхад Архангайд хамаатны эгчийнд хэд хоног үлдээсэн юм билээ. Эгчийн ажил руу цуг явж байхад тэндхийн сургуулийн ханан дээр өнгө өнгийн чулууны хэлтэрхийгээр зураг бүтээсэн байсан. Хүүхэд байсан учир тухайн үед мозайк гэж мэддэггүй, хажуугаар нь явах их дуртай байлаа. Тэр явдал одоо болтол мартагддаггүй. Улаанбаатар хот гэр хороолол, орон сууц гэсэн хоёр хэсэгт хуваагдаж буй. Гэвч хувь хүний үүднээс харахад орон сууцаа тордоод гэр хорооллыг орхигдуулдаг юм шиг санагддаг.

Тэнд амьдарч буй хүүхдүүд тэрбүрчлэн хотын төв рүү тоглоом тоглох, кино үзэхээ явдаггүй болох нь ажиглагддаг. Тийм болохоор миний багад мэдэрсэн тэр гэгээлэг мэдрэмжийг гэр хорооллын хүүхдүүд ч бас мэдрээсэй гэж хүссэн. Ингээд стрийт артистуудтай хамтарч, аянаа эхлүүлсэн. Гудамжны уран бүтээлчид, байгууллагууд эерэгээр хүлээж авсан. Энэ аяны хүрээнд хийж буй бүтээлээр дамжуулан хүүхдүүдийн гоо зүйн мэдрэмж, урлагийн тухай мэдлэг, төсөөлөл тэлнэ гэж харж байгаа. 

-Худагны ханан дээрх бүх зураг эерэг мэдрэмж төрүүлэхүйц онцлогтой. Зургаа сонгохдоо юуг чухалчилсан бэ?

-Ямар зураг зурвал хүүхдийн сэтгэхүйд эерэгээр нөлөөлж чадах бол гэж их бодсон. Мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах шаардлагатай болсон учир СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиниктэй хамтарч ажилласан. Одоогоор Хайлааст, Толгойт, Нисэх болон Баянзүрх дүүргийн 31 дүгээр худагны ханан дээр нийт есөн зураг зураад байна. Гэр хорооллийн төдийгүй нийслэлчүүд эерэгээр хүлээж авсан.

Баянзүрх дүүргийн 31 дүгээр худаг дээр зураг зурахад тэр хавьд оршин суудаг охин бидний хажууд өдөржин цуг байхдаа “Энд хүүхдийн тоглоомын талбай байгуулсан. Гэхдээ нэг мэдэхэд л хүмүүс тоноод, эвдэлсэн байдаг. Энэ зураг харин ёстой гоё юм байна. Манай эндхийн хүүхдүүд эндээс салахгүй байх аа. Баярлалаа” гэж хэлж байсан. Зураг зурсан байршил дээр дараа нь очиход хүүхдүүд гадаа нь тоглож, хоорондоо зураг авч байгаа харагддаг. Тэнд эерэг, таатай уур амьсгал бүрдсэн нь илт мэдрэгддэг. Энэ л бидний зорилго байсан.

-Стрийт артистуудын бүтээлийг агуулсан автобусны смарт карт хэзээ худалдаанд гарах вэ?

-Улаанбаатар смарт карт компаны зүгээс артистуудын бүтээлийг энгийн болон хүүхдийн картны зураг болгох хүсэлтэй байна гэсэн санал тавьсан. Одоогоор Солонгос улсад хэвлэлтэд өгчихсөн байгаа. Ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарч эхэлнэ.

- Одоогийн байдлаар есөн байршилд өнгө нэмээд буй. Цаашид ямар газар зураг зурахаар төлөвлөж байгаа вэ?

-Есөн худагны ханан дээр зураг зурахад багахан хүндрэл гарсан. Учир нь эдгээр худаг 60, 70 жилийн настай болохоор будаг тогтохгүй, хананы шавар унах зэрэг асуудал тулгарсан. Үүнийг яаж шийдвэрлэх тухай артистуудтайгаа ярилцаж байгаад хүүхэд бүрийн сургуульдаа ирж, очдог, гэр хорооллын дундах төв гудамжны хашаан дээр зурахаар болсон.

Б.Отгонзаяа

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.