СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Зургаан хүний амь хохироосон шийдвэрээ эргэж харна уу, Ерөнхий сайд аа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

УТААНААСАА САЛАХ ГЭСЭН БИШ, УГААРТАЖ ҮХЭЭД ДУУСАХ НЬ

Улаанбаатарчууд бид утаанаасаа салах гэсэн биш угаартаж үхээд дуусах нь байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод түүхий нүүрс түлүүлэхгүй, сайжруулсан түлш түлэх шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан байдаг. Ийн Улаанбаатарын гэр хорооллынхон зөвхөн “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг түлэхээр болсон юм.

Гэтэл энэ түлшийг түлээд удаагүй нийслэлчүүд маань бөөн бөөнөөрөө угаартаад эхэллээ. Энэ сарын 4-6ны хооронд сайжруулсан түлш хэрэглэсэн 35 иргэн ухаан алдсан, угаартсан байдалтай эмнэлгийн байгууллагад хандаж, таван хүний эрдэнэт амь үрэгдээд буй. Харин . Ийн хэлээд удаагүй байтал өчигдөр дахин нэг хүний амь үрэгдлээ.

Тодруулбал, Цэргийн төв эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд өчигдөр дахин 10 хүн ханджээ. Тэдний долоогийнх нь биеийн байдал хөнгөн, гайгүй байсан тул зөвлөгөө өгөөд буцаасан бол нэг нь эрчимт эмчилгээнд, нөгөө нь жирийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Мөн энэ хоёр хүнтэй нэг гэр бүлийн хүн болох СБД-ийн иргэн 28 настай эмэгтэй Б нас барсан байна. НЭМҮТийн албаны дарга Р.Даваадорж “Өнөөдөр ирсэн арван хүн бүгд угаартсан шинж тэмдэгтэй ирсэн” хэмээн ярилаа.

Нөхцөл байдал ийм байсаар байтал сайжруулсан түлшнээс болоогүй гэж байгаа нь гайхмаар. Хэрэв тийм бол юунаас болж энэ олон хүн угаартаад байгааг, яагаад сайжруулсан түлш хэрэглэсэн хүмүүс амь насаараа хохироод байгааг тайлбарлахыг Монголын төр засаг, нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагын албан тушаалтан, сайжруулсан түлш үйлдвэрлэгч “Тавантолгой түлш” компанийнхнаас асууя.

Насаараа гал түлсэн хүмүүс нэг л өдөр ярьсан юм шиг яндангаа таглаад галаа түлсэн байж болох уу. Та бүхний хэлээд байгаа шиг сайжруулсан түлшийг харлуулая гэхдээ ээж, аав, охин, хүүгийнхээ амийг золиослох хүн байх уу. Хэрэв сайжруулсан түлшийг буруу түлсэн гэх юм бол та бүхэн анхнаасаа хэрхэн, яаж галлахыг хэлээд өгөх нь яасан юм бэ. Монголын төр, нийслэлийн удирдлагууд зургаан хүнийхээ эрдэнэт амиар тоглоод өнгөрөх нь ээ.

. Өмнө нь эрүүл, саруул амьдраад болоод байсан хүмүүс сайжруулсан түлш түлээд л олноороо угаартаад, үхээд байгаагийн шалтгааныг үнэн мөнөөр нь олмоор байна. Сайжруулсан түлшийг харлуулах гэсэн хорон арга хэмээх тайлбар чинь иргэдээ доромжилж байгаатай адил юм. Хот маань утаагүй болчихвол түүн шиг сайхан зүйл үгүй. Гэхдээ иргэдийнхээ амь насыг золиослон утаанаасаа салмааргүй байгаа тул гаргасан
шийдвэрээ эргэн харна уу, Ерөнхий сайд аа.

Бидэнд ирсэн мэдээллээр “Тавантолгой түлш” компанийнхан болсон хэрэг явдалтай холбоотойгоор борлуулалтад байсан бүх сайжруулсан түлшийг буцаан татаж, сольсон гэх мэдээлэл байна. Үүсээд буй үйл явдалтай холбоотойгоор амиа алдсан хоёр хүүгийн ар гэр болон сайжруулсан түлшинд хийсэн шинжилгээний хариу, мөн ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн албаны хүний байр суурийг хүргэж байна.

САЙЖРУУЛСАН ТҮЛШНЭЭС ХИМИЙН БОДИС ИЛРЭЭГҮЙ ГЭВ

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан угаартаж амиа алдсан байз болзошгүй иргэдийн хэргийн шалтгаан нөхцөлийг яаралтай шалгаж, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч, мэргэжлийн лабораторид шинжлүүлэхийг үүрэг болгосон. Тэгвэл сайжруулсан түлшний 17 цэгээс 23 төрлийн дээж авахад хүний биед сөргөөр нөлөөлөх, хортой бодис илрээгүй гэж Нийслэлийн Онцгой комиссын гишүүд өчигдөр мэдэгдлээ.

Энэ талаар Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсгийн дэд дарга Ж.Батбаясгалан “Энэ сарын 5-6-нд шилжих шөнө Нийслэлийн онцгой комисс хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн хэв журмын газар, Онцгой байдлын ерөнхий газраас бүрдсэн 98 албан хаагч ажиллалаа. Таван дүүргийн сайжруулсан түлшний 17цэгээс 23 дээж авч, АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн.

Дээрх гурван байгууллага шинжилгээний дүнгээ МХЕГ-т албан ёсоор хүргүүлсэн байна. Шинжилгээний хариу мэдээг МХЕГ-аас танилцуулна” гэлээ. Шинжилгээний хариуг МХЕГын дэд дарга С.Даваасүрэн танилцууллаа. Тэрбээр “Гурван байгууллагын лабораторид шинжлүүлсэн шинжилгээний хариу өчигдөр манай байгууллагад ирсэн. Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Үүнээс Чингэлтэй дүүргээс тав, Баянзүрх дүүргээс нэг, Сонгинохайрхан дүүргээс хоёр, Хан-Уул дүүргээс нэг дээж шинжлүүлсэн байна.

Авсан дээжээ одоо мөрдөгдөж байгаа стандартын үзүүлэлттэй харьцуулсан. Нэр бүхий 19 айлаас авсан дээжийн чийглэг нь стандартын хэмжээ хангасан гэж гарсан. Чийглэг нь 10 буюу түүнээс доош байх ёстой шинжилгээний хариугаар 1.9-3.2 стандартаас гурав дахин бага шаардлага хангасан. Үнслэг нь есөн дээжээс 29 буюу түүнээс бага байх ёстойгоос 23-24 гэсэн үзүүлэлттэй. Дэгдэмхий чанар нь 22 буюу түүнээс бага байх ёстойгоос 18.9-20.3 үзүүлэлттэй, хүхэр нь нэг буюу түүнээс бага ёстой бөгөөд 0.95-1.04 үзүүлэлттэй байсан бөгөөд илчлэг нь 6000 буюу түүнээс дээш гарсан.

Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лабораторид айл өрх болон “Тавантолгой түлш” ХХК-ийн хоёр үйлдвэрээс дээж авахад стандартын шаардлага хангасан дүгнэлт гарлаа. Харин Гаалийн төв лабораторид хийлгэсэн цардуулын шинжилгээний хариугаар цардуул болон шаварлаг бодис агуулж байна гэсэн дүгнэлт өгсөн. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн химийн бодис агуулаагүй гэсэн үг.

Хордсон гэх хүмүүс химийн бодист хордоогүй, угаартсан. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн X хорооноос нэг өрхийн хоёр хүүхэд угаартсан дуудлага ирлээ.

Дуудлагын дагуу улсын байцаагчид газар дээр нь ажиллахад түлшний буруу хэрэглээнээс болж, угаартсан нь тогтоогдсон. Цаашид сайжруулсан түлшний зөв хэрэглээг дагаж мөрдөхгүй бол энэ байдал үргэлжилсээр байна. Өнөөдөр сайжруулсан түлшний найрлагыг ОХУ, БНХАУ, Солонгос гэсэн гурван улс руу шинжлүүлэхээр явуулж байна. Шаардлагатай бол Япон Улс руу явуулна” гэв. 

Энэ үеэр түүнээс сэтгүүлчид дараах асуултад хариулт авсан юм.

-Нас барсан иргэд юунаас болж амиа алдсан бэ. Шалтгаан нөхцөлийг тогтоосон уу?

-Хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Шүүхийн шинжилгээний албанаас дүгнэлт гарсаны дараа нас барсан шалтгааныг тодорхойлно. 

-Өнгөрсөн шөнө бас нэгэн иргэн угаартаж амиа алдсан байна. Түүнийг мөн шахмал түлшний угаарт хордсон гэж иргэд үзэж байгаа. Үүнд ямар тайлбар өгөх вэ? 

-Угаартсан гэх дуудлага өгч байгаа янз бүрийн хүмүүс байна. Гэхдээ ямар шалтгаанаар дуудлага өгч байгааг шалгалтаар тогтооно. Бидэнд ирсэн хамгийн сүүлийн мэдээллээр хүн нас барсан гэдэг мэдээлэл ирээгүй. Өчигдөр шөнийн байдлаар 11 дуудлага мэдээлэл ирсэн байна.

- Шахмал түлшний шинжилгээний хариу зүгээр гарчихлаа. Гэхдээ иргэдийн дунд шахмал түлшийг аюулгүй юу гэдэг дээр эргэлзээ үүсчихээд байна. Цаашдаа сайжруулсан түлшийг хэрэглэх нь зөв үү?

-Монгол Улсад мөрдөж буй MNS:56792019 стандартын дагуу сайжруулсан хатуу түлш хэрэглэж болно гэж хууль тогтоомжид заасан. 

-Хэрэглээний горим алдагдсан гэж байна. Хэрэглээний горимыг хэрхэн зөв дагаж мөрдөх ёстой вэ?

-Нийслэлээс өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах үүднээс хоёр чиглэлээр ажилладаг. Нэгдүгээрт, инженерийн байгууламжийн чиглэлээр, хоёрдугаарт, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа байдаг. Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь төвийн дулаанд холбогдоогүй нөхцөлд амьдардаг. Иймд гэр хороололд зориулсан стандартыг баталсан. Харамсалтай нь, стандартын бус сууцанд амьдрах айл өрх олон бий. Цаашид иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байх талаар бүх шатны урьдчилан сэргийлэх ажил хийнэ.

ШАХМАЛ ТҮЛШНИЙ АСУУДЛААР ЗАСГИЙН ГАЗАРТ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ

Шахмал түлшний хэрэглээтэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар Ардчилсан намын зөвлөл Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа өчигдөр мэдэгдлээ.

Шаардлагад “Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг, худалдан борлуулах, түлэхийг бүрэн хориглож, оронд нь нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлш санал болгосон.

Төрийн нэрийн өмнөөс “Тавантолгой түлш” ХХКийн үйлдвэрлэж байгаа шахмал түлш MNS-56792014 стандартад нийцсэн, Монгол Улсын итгэмжлэгдсэн лабораториудаар шинжилгээг хийлгэсэн гэх боловч энэ сарын 3-6-ны хооронд шахмал түлш хэрэглэсэн 35 иргэн угаарын хийнд хордсон байдалтай эмнэлэгт хандсаны дөрөв нь нас барж \бага насны хоёр хүүхэд, хоёр насанд хүрсэн иргэн\, зургаан иргэний биеийн байдал хүнд хэвтэн эмчлүүлж байгаа ноцтой хэрэг гарлаа.

Цаашид ч иргэд бөөнөөр хордох аюултай нөхцөл үүссэн байна. Иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулаад байгаа энэ хэрэгт хариуцлага тооцох, иргэдэд ашиглалтын талаарх мэдээлэл, зааварчилгаа өгөх, шахмал түлшний чанар, стандартын үнэлгээ дахин хийх, элементийн бүтцийг дахин шинжлэн хянах, цаашид аливаа алдаа гаргахгүй байх арга хэмжээг авч ажиллахыг шаардаж байна” гэжээ.

Э.Эрдэнэцэцэг

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.