Эрдэнэт үйлдвэрийг Өмнөд Африкийн “Стандарт” банкны барьцаанд тавьж 105 сая ам.доллар зээлж амин хувьдаа ашигласан, Хадгаламж банкны батлан даалтыг хуурамчаар үйлдэж Эдвард Сүрэн (Алтжин группийн Ерөнхийлөгч Г.Алтангийн хүү)-гээс 30 сая ам.доллар зээлэх луйвар үйлдсэн хэргээр шалгагдаж байгаа яллагдагч “Жаст”-ын Ш.Батхүүгийн гомдлыг өнөөдөр Улсын Дээд шүүхээр хэлэлцэх тов гарсан.
Гэвч Ш.Батхүү нь аравдугаар сарын 04-ний өдөр буюу өнгөрсөн баасан гарагт УДШ-д гаргасан гомдлоо эргүүлэн татах хүсэлт гаргасан учраас Дээд шүүхээс Ш.Батхүүгийн гомдлыг хэлэлцэхгүй гэх тогтоолыг баталлаа.
Хэргийг сануулбал,
Нийслэлийн прокурорын газраас “Жаст”-ын Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Эрдэнэт үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал нарт 2002 оны эрүүгийн хууль болон Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны хоёрдугаар сард шилжүүлжээ.
Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны гуравдугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хийгээд хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт дутуу хэмээн үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргасан юм.
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Жаст”-ын Ш.Батхүү нь 2009 онд Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкны барьцаанд тавьж 105 сая ам.долларын зээлийг авахдаа маш олон хүний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, үүний улмаас улсад онц их хэмжээний хохирол учирсан хэмээн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна. Гэвч Ш.Батхүүгийн хавтаст хэрэгт хуурамчаар дуурайлган үйлдсэн гэх гэрээний эх хувь нь байхгүй, харин хуулбар хувь нь хавсрагдсан байна. Иймд гэрээний эх хувийг Лондонгийн арбитрын шүүхээс татан ирүүлэх ёстой” хэмээн үзэж уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Мөн давж заалдах шатны шүүх ч гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж байжээ. Холбогдох шүүхийн шийдвэрүүд өөрийнх нь талд гарсан байсаар атал Ш.Батхүү нь УДШ-д гомдол гаргаж, хэргийг долоон сарын турш сунжруулсан атлаа шүүх хуралдаан яг болох өдөр нь гомдлоо эргүүлэн татаж, Монголын шүүх байгууллагаар дайжигнаж чадлаа. Ш.Батхүүгийн гомдолтой холбоотой асуудлаас үүдэж өнгөрсөн долоон сарын хугацаанд Лондонгийн арбитрийн шүүхээс Ш.Батхүүгийн гарын үсгээ зурсан зурсан гэрээний эх хувийг татан авах ажиллагаа огт хийгдээгүй байна.