Балбын цагдаа нар Парламентын хурлын дарга асан Кришна Бахадур Махараг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, доод албан тушаалын эмэгтэй ажилтнаа хүчирхийлсэн хэрэгт буруутган баривчилжээ.
Эмэгтэй ажилтны биед халдаж хүчирхийлсэн хэрэг долоо хоног гаруйн өмнөх ням гарагт гарснаас хойш өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт Парламентын даргыг огцруулах шийдвэрийг Катманду хотын шүүх гаргасан юм. Хэдийгээр цагдаа нарт баривчлагдсан боловч ноён Махара хэргээ хүлээхээс татгалзжээ.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж согтсон Парламентын дарга бүсгүйн амьдардаг орон сууцанд ирсэн байна. Reuters агентлагийн мэдээлснээр эмэгтэй тийм зүйл болно гэж огт бодоогүй байжээ. Гэвч Махара хүч хэрэглэснийхээ дараа явсан ба бүсгүй цагдаа дуудна гэдгээ хэлсэн хэмээн ярьжээ.
Махара нь 10 гаруй жил үргэлжилсэн иргэний дайныг дуусгах 2006 оны энхийн хэлэлцээрт оролцсон маоистуудын төлөөлөгчдийн ахлагч юм. Тэрээр 2017 оны сонгуульд босогчдын холбоо, коммунистууд ялалт байгуулсны дараа Парламентын хурлыг даргалах болжээ.
Тус улсад улс төрийн нэр хүндтэй, өндөр албан тушаалтан бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдож албан тушаалаасаа огцрох, баривчлагдах нь тун ховор үзэгдэл учраас олон улсын анхаарлыг татаж байна.
Эх сурвалж: www.bbc.com