24 орчим насны эмэгтэй, 2, 4 насны хүүхдүүдийн хамт сайжруулсан түлш хэрэглэснээс болж, угаартан нас барсан тѳдийгүй туслахаар очсон ээж нь мѳн ухаан алдсан хэрэг энэ сарын 3-4-ний шилжих шѳнѳ гарсан билээ. Бид энэ талаарх мэдээллийг иргэн н.Батсүхээс тодрууллаа.
-Нийслэл хотод түүхий нүүрс түлэхгүй, сайжруулсан түлш түлнэ гэсэн шийдвэрийг төр засаг гаргасан. Тухайн үед сайжруулсан түлшийг хэр сайн судалсан юм бэ?
-Өнөө өглөө Лондонд амьдардаг монгол эрдэмтний шууд бичлэгийг үзсэн. Уг бичлэгт дурдаж байгаагаар шахмал түлш нь угаарын хий гаргадаг. Тэр угаарын хий нь хүний аминд хүрэх хүртэл хэмжээний хортой гэсэн. Уг хий нь өнгөгүй, үнэргүй тул анхааруулах төхөөрөмжтэй байх ёстой юм шиг байна лээ. Түүнчлэн иргэдийн хувьд галаа буруу түлснээс болсон гэсэн. Манай хамаатны хүүхдүүд энэ гэртээ олон жил энэ зуухандаа түүхий нүүрс түлээд амьдарсан.
Тэр орой хүүхдүүд нь уйлаад байна гээд аав, ээж рүүгээ залгасан. Аав нь түргэний машин замчлах хооронд ээж нь гэрт нь ороод 15-20 минут болох хооронд 2, 4 настай хүүхэд газар дээрээ нас барж, 24 настай охин, ээж хоёр нь ухаан алдсан байсан.
Тухайн үед түргэний эмч нар маш хурдан шуурхай ажиллаж, зүрх нь зогссон байхад аппаратаа ажиллуулж амийг нь аварсан. Сайжруулсан түлш түлсэн гэрт ороод 15-20 минут болоход хүн ухаан алдаж байна. Сайжруулсан түлшийг буруу түлснээс болж, хүмүүс угаарын хийнд хордож байна гээд байгаа.
Түлшээ буруу түлсэн иргэд амь насаараа хохирч болохгүй биз дээ гэдгийг холбогдох албаны хүмүүст хэлмээр байна.
Тэр орой хүйтэн байсан учраас яндангийн хаалтаа 20-30 хувьтай хаасан байсан гэсэн. Урьд түүхий нүүрс түлээд хордоогүй байтал сайжруулсан түлш түлээд ингэж амь насаараа хохирч болохгүй биз дээ. Буруу түлснээс болсон гэвэл анхнаасаа иргэдэд зарахдаа энэ талаарх мэдээллийг хангалттай өгөх хэрэгтэй байсан юм. Түүнчлэн өнгөрсөн зун түлшээ усанд автуулаад дахин барьцуулсан гэсэн буцаад нягтруулахдаа ямар бодис хэрэглэсэн ч юм билээ.
Ухаан алдаж унасан ээж, охины бие байдал дээрдэж байгаа. Өнөөдөр 24 настай ээжид нь хоёр хүүхэд нь өнгөрсөн талаарх мэдээг хэлсэн. Сэтгэл санаа нь хүнд байгаа учраас тайвшруулах эм тариа хэрэглэсэн. Бид нарыг эмнэлэгт байхад нэг залуу угаарын хийнд хордон нас барсан гээд ар гэрийнх нь хүмүүс сууж байсан.
Дөнгөж хүйтний ам наашилсан үед гэртээ гал түлээд угаарын хийнд хоёр, гурваараа хордож үхэж байгаа юм бол дүн өвлөөр сайжруулсан түлшийг хэрэглэх юм бол ард иргэд гудамжаараа угаартаад үхэх үү” хэмээн хохирогчийн ар гэрийн хүн ярилаа.