Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөө өглөө 10.00 цагаас НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” группийн захирал А.Ганбаатар нарт холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлгээр уг хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай баримт мэдээлэл бүрэн цугласан хэмээн үзэж, яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 09.30 минутад товлосон байна.
Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “60 тэрбум”-ын хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байгаа билээ.