СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-10-07

Ц.Раднаа: Тамирчин хүн медалийн тавцан дээр л уйлах эрхтэй байдаг юм шүү дээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Хөнгөн атлетикийн дэлхийн аварга, ахмад тамирчин Ц.Раднаа гуайтай уулзаж ярилцлаа.

-Сая Ахмадын баярын өдөр болоод өнгөрсөн. Та энэ баярын өдрийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэв?

-Баярлалаа. Ямар ч баярт хүн ер нь дуртай байдаг. Тааруулж баярлавал хүний амьдралд баяр гэдэг аз жаргал нэмдэг учраас сайхан байлгүй яах вэ. Миний хувьд архи уудаггүй, тамхи татдаггүй учраас баяраар хөлчүүрхээд байдаггүй. Сайхан наргиж цэнгээд, инээж хөхрөөд, сагс, волейбол тоглож баярлах их дуртай. Ойрдоо хүмүүс ярилцлага авъя, энд тэнд явахад хамт зургаа авхуулъя гэдэг болсон байна. Бас уралдаан тэмцээнд очно. Хүмүүс ирж уулзах, спортын талаар үг, зөвлөгөө сонсох гэх мэтээр л баярын өдрүүдээ өнгөрүүлж байна.

 

-Та өглөө болгон гүйдэг үү?

-Тэгэлгүй яах вэ өглөө болгон гүйдэг. Өглөө 06:00 цагт гараад цаг шахуу гүйж ирээд шүршүүрт сайхан орчихоод дараагийнхаа ажилд гардаг. Одоо бол тэтгэврийн хүнд чинь ямар ажил байх вэ дээ. Гэхдээ л зүгээр суухгүй өдөр өнгөрчихдөг юм. Өдөр 14 цагаас бүжгэндээ явна. Би бүжиглэх их дуртай. Эсвэл бэлтгэлээ хийнэ ингээд ер нь завгүй л шахуу байх юм. 

-Та биеийн тамирын багш мэргэжил эзэмшсэн тухайгаа эргээд нэг дурсаач?

-Би 1961 онд улсын спартакид гэж болоход анх 400, 800 метрийн гүйлтэд аймгаасаа дараа нь бүсээсээ шалгарч ирээд оролцсон юм. Гэтэл спортын мастерын болзол хангачихдаг юм байна. Өмнө нь бага сургуульд жаахан гүйдэг харайдаг “цагаан зээрийн янзага” хочтой байлаа. Тэр үедээ гүйж байсан амжилтын маань оргил нь спортын мастер болсон юм уу даа. Би бага сургуулиа төгсөөд техникумд орсон. Зоо мал эмнэлгийн техникумыг Сүхбаатар хотод 1954 төгсч байлаа. Ингээд Өмнөговь аймагт очоод хөдөө аж ахуйн байгууллагад ажилласан. Тэнд мал аж ахуй, газар тариалангийн станц байгуулагдахад анхны зоо техникчээр нь ажиллалаа. Тэгээд сүүлдээ эрдэм шинжилгээний туслах ажилтан болсон. Нарийн болон бүдүүн ширхэгтэй ноолуурын чиглэлийн ямааг Монголд үржүүлээд цэмбэний үйлдвэр байгуулах шийдвэрийн дагуу нэлээд их ажил хийсэн дээ. Өмнөговийн Булган сумын эрдэм шинжилгээний станц чинь улсдаа Говь гурван сайхан үүлдрийн ямааг анх гаргасан түүхтэй газар.

 

-Зоотехникч хүн яагаад биеийн тамирын багш болохоор шийдэв?

-Ажлаа хийж байхдаа спартакидад шалгарсан. Тэгээд яах вэ залуу хүн чинь өвлийн хүйтэнд гадаа даарч, зун говийн халуун наранд шарагдаад дандаа л ямаа малтай зууралдаж явахаас залхсан ч юм уу, спорт цаанаасаа л нэг татаад болдоггүй шүү. Багш болох юм сан гэж сэмхэн мөрөөдөж байлаа. Тэгээд дээд сургуульд суръя гэж бодоод дээд газартаа өргөдөл өгсөн. Ингээд ХААДС-д хүрээд иртэл орон тоо гүйцсэн гэдэг юм байна. “Би тусгай мэргэжлийн хүн. Ажиллаж байгаад дээд мэргэжилтэй болох гээд ирлээ. Яагаад намайг авдаггүй юм” гээд орлогч захиралтай нь муудалцлаа. Их сургууль дээр яваад ирсэн чинь тоо физик, хуулийн анги л байсан. Нэг л боломгүй санагдаад Багшийн дээд дээр очтол харин биеийн тамирын факультетэд орон тоо байсан. Бүртгүүлэх гээд шалгалтын комисс дээр нь яваад очтол нөгөө спартакиад шүүсэн н.Дамдин гэдэг хүн сууж байдаг юм байна. “Хүүе энэ чинь саяын спартакиадад түрүүлж алтан медаль авч спортын мастер биелүүлсэн хүнийг авалгүй яах вэ” гэсэн. Ганц орос хэлний шалгалт л авна өөр шалгалтыг нь өгөх хэрэггүй гэсэн. Орос сургагч нартай ажиллаж байсан хүн чинь бас аантай уунтай шүү дээ. Ингээд онц өгөөд л тэнцсэн дээ. Ингээд оюутан болоод Борнуурын сангийн аж ахуйд явж байлаа.

-Ажлын гараагаа биеийн тамирын багшаар дахин эхэлсэн үү? Хаанаас эхэлсэн бэ?

-Сурч байхад сургууль маань тусдаа дээд сургууль болсон учраас 1966 онд Биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Өмнөговь аймагтаа ирээд багш дасгалжуулагчаар ажилласан. Энэ мэргэжлээрээ тасралтгүй 26 жил багшиллаа. Аймгийн болон Баяндалай, Булган сумын 10 жилийн дунд сургуулиудад багшилж байгаад тэтгэвэртээ гарсан.

-Та Өмнөговь нутгийн хүн үү?

-Тиймээ би говийн хүн. Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төвхөн бригадад төрсөн хүн. Говь гурван сайхан уулынхаа энгэр бэлд гүйж өссөн. Тэгээд нутагтаа очиж ажиллаж амьдарсан.

 

-Танаар багадаа биеийн тамирын хичээл заалгаад амжилтад хүрсэн олон шавь бий биз?

-Ардын олон хүүхдэд биеийн тамирын хичээл зааж байлаа. Тэр болгоныг танихгүй шүү дээ. Зарим нь багшаа гээд ирнэ, зарим нь өөрийнхөө зам мөрөөр явдаг л байх. Хот улсын аварга, мастер гээд олон хүмүүс байдаг юм шиг байна лээ. Миний шавь нараас гэвэл Баяндалай сумаас гарсан бодибилдингийн дэлхийн аварга н.Анхбаяр байна. Хөнгөн атлетикийн спортын мастер н.Батчимэг, бөмбөг шидэлтийн улсын аварга Т.Насанбилэг гэж байгаа. Т.Насанбилэгийн амжилтыг одоо болтол Монголд эвдээгүй байна. Сайн тамирчид ер нь олон бий шүү.

-Дунд сургуульд хүүхдүүд биеийн тамирын багшдаа илүү хайртай байдаг даа. Та хатуу багш уу, зөөлөн аргын багш байв уу?

-Би хүүхдүүдэд ширүүн багш шүү дээ. Ялангуяа сахилгагүй хүүхдүүдэд бүр ширүүн. (инээв) Гэхдээ аль сахилгагүй, дэггүй хүүхдүүд спортод илүү сайн байдаг юм шүү дээ. Тэр хүүхдүүдийг зөв чиглүүлээд өгөхөөр уралдаан тэмцээнээр ялгараад гараад ирдэг юм. Тэгээд тодруулаад гаргаад ирчихсэн бол аргадах эвийлэх аргаа ёстой тэнд л гаргана даа. Тэгэхээр тэр сахилгагүй хүүхдүүд чинь бүр надад хайртай болчихдог. Сахилгагүй юм болохоор нь хүн болгон л загнадаг байлгүй хөөрхий. “Багш намайг тэр үед спорт руу чиглүүлээгүй бол буруу замаар будаа тээгээд хэрэг төвөг тариад балрах байсан ” гэж олон хүмүүс хэлж байсан.

Охин Баярчимэг: (ярианд оролцож аавынхаа тухай ярив)

-Аав айхтар хатуу, зарчимтай багш. Хүний, өөрийн хүүхэд гэсэн ялгаа байхгүй. Аавын шахалт шаардлагаар биеийн тамиртаа нэлээд сайн хүүхэд байлаа. Нэг өглөө жаахан залхуураад хоцроод ирсэн чинь аав “Чи өглөө болгон гүйж байж яахаараа хоцорч ирдэг юм. Чи амжилт гаргахгүй юм бол хэн амжилт гаргах юм” гээд намайг өөдөөс нүүр нүдгүй чулуугаар нүүлгэсэн удаатай. (инээв) Тэр үедээ дүү нар төрөөгүй ганц охин гээд эрхлүүлдэг байсан хэрнээ спортоор хатуу хүмүүжүүлж эр зоригийн хүмүүжил олгож, бие даах чадвар суулгаж, тэсвэр тэвчээрт сургасанд одоо ч аавдаа баярлаж явдаг.

-Спортоор хичээллэвэл амжилт гаргахаар хүүхэд байна гэж танигдах шинж тэмдэг байх уу?

-Одоо болтол би хүн шинжиж явдаг. Өндөр бөгөөд жаахан чадалтай хүүхэд байвал энэ хүүхдийг сагс, волейбол тоглуулах юм сан. Жаахан булчинлагийг нь хүчний спорт юм уу бөхөөр хичээллүүлэх юм сан гээд хорхой хүрнэ гэх юм уу тийм хүсэл их төрнө. Спорт хөөвөл болохоор хүүхэд нүдэнд тод харагддаг.

-Спорт мэдээж хүнийг бие бялдрын хувьд өв тэгш болгодог. Харин хүнд сэтгэл санааны хувьд яаж нөлөөлдөг вэ?

-Хүний оюун санааны хүмүүжлийг ярих юм бол асар том сэдэв яригдана. Өөрөөр хэлбэл спорт хүний сэтгэл санаанд өгдөг үр өгөөжийг үгээр хэлж дуусахгүй. Ер нь хүнийг хамгийн эхлээд сэтгэл санаагаар нь хүмүүжүүлэх ёстой. Хүүхдийг эхлээд ухуулж, итгэн үнэмшүүлэх хэрэгтэй. Хүүхэд өөртөө итгэх итгэлийг багш эхлээд бат суулгаж өгөх хэрэгтэй гэсэн үг л дээ. Үүнийгээ спорттой хослуулаад ирэхээр жинхэнэ өв тэгш хүмүүжил олгоно гэсэн үг. Ингээд ирэхээр хүн тэвчээртэй, аливаад бууж өгдөггүй сэтгэлийн тэнхээтэй болдог.

-Спорт бол ялалт, ялагдлын талбар. Хүн эхлээд өөрийгөө ялж байж бусдыг ялдаг болдог байх. Энэ тухай та ярина уу?

-Хүн өөрөө өөртөө л анхаарал тавихгүй бол өөр хэн ч чамд анхаарал тавихгүй шүү дээ. Хүн хүний өмнөөс өвдөж болдоггүйтэй л адил юм. Анхаарал тавьж байгаа юм шиг боловч тэр үг л болж таарна. Чи өөрөө өөрийгөө дайчилж байж л амжилтад хүрнэ. Өглөө бүр зорилгоо өөртөө хэлж байх хэрэгтэй. Тийм учраас өөрийгөө дайчлахын зэрэгцээ мэддэг, чаддаг мэргэжлийн хүнээс нь асуух нь зөв. Өглөө, оройгүй өөрийгөө давтаад байж бас болохгүй. Ядаргаанд орох учраас хүн долоо хоногт 3-4 удаа бэлтгэл хийхэд болно. Гол нь тасралтгүй тогтмол хийх нь л чухал.

Монгол Улсын төрийн дуулал л миний нулимсыг гурван удаа урсгасан

-Та гүйлтээс өөр ямар спорт сонирхдог вэ?

-Сагс волейбол сонирхоно. Оюутан байхдаа гимнастикийн нэгдүгээр зэрэгтэй болж байлаа.

-Наймдугаар сард та Дэлхийн аварга болоод ирлээ. Энэ тэмцээнд орох болсон тухайгаа хуваалцаач?

-Байнгын бэлтгэлтэй байсан нь тус болсон. Би чинь малчин болж нэг хэсэг явж байгаад сүүлдээ хот руу орж ирсэн. Хүүхдүүд аав ээж ядарчихна гээд хот руу аваад ирсэн. Ирээд нэг хэсэг ганцаардсан шүү. Гараад уулзаж, ярьж хөөрөх хүн байдаггүй. Тэгж байтал н.Рэнцэндорж гэж спортын багш нэг өдөр надтай уулзаад Японд олон улсын тэмцээн болох гэж байна түүнд ор, бэлтгэл хий гэж хэлсэн. Сая бас амжилт гаргасан Х.Намжилмаа бид хоёр хамт сурч байсан юм. Х.Намжилмаа дээр яваад оч гэхээр нь яваад очсон доо. Тэгээд бүртгүүлээд 400,800 метртээ бэлтгэл хийсэн. Гэтэл хөлөн дээрээ гир унагаагаад тэр чигээрээ Япон явлаа. Бэртлээсээ болоод медаль авч чадаагүй ирсэн. Дараа жил нь Японы Нара хотод очиж 100,200 метрт уралдаад 200-гаас нь мөнгөн медальтай ирсэн. Тэгээд байж байтал ДАШТ болно бэлтгэл хий гэсэн. Польшид болсон Дэлхийн аваргаас гурван төрөлд нь алт, 400 метрт нь дэлхийн рекорд амжилт эвдээд ирсэн.

 

-Рекорд амжилтынхаа тухай яриач?

-400 метрт минут 20 секунд гүйсэн. Энэ амжилтаа би Австралид болсон далайн орнуудын тэмцээнд оролцож нэг секунд 46 дойлоор урагшлуулчхаад ирлээ.

-Таны дараагийн зорилго юу байна?

-2021 онд 30-аас дээш насныхны олимп болох юм. Түүнд оролцох урилга надад ирсэн байгаа. Ангилал нь тав таван насны зөрөөтэйгөөр болдог. 85-89 насны ангилал гэж байдаг. 2021 оны энэ олимпод таван төрлөөрөө оролцоно. Медаль авах нь гарцаагүй гэхдээ ямар гэдгийг бэлтгэл л мэднэ дээ.

-Та дэлхийн аварга болсон агшныхаа дурсамжаас хуваалцаач?

-Эхлээд юун дэлхийн аваргат манатай, гүйх л зорилготой байлаа. Ахмад мастеруудын амжилтыг жагсаасан олон улсын тамирчдын тухай ном байдаг юм. Түүнтэй өөрийнхөө амжилтыг жишиж харьцуулж бэлтгэлээ хийсэн шүү. Тэр номонд одоо миний нэр орсон байгаа. Тэр номонд анх удаа Монгол гэдэг нэрээ бичүүллээ.

-Алтан медалийн тавцан дээр зогсч байх агшныхаа тухай...?

-Тавцан дээр зогсох агшинд ерөөсөө эх орон л бодогддог юм билээ. Тэгээд төрийн дуулал эгшиглэхэд өөрийн эрхгүй хамрын самсаа шархираад нүдний нулимс бүрхээд ирсэн. Би ер нь барагтай бол уйлахгүй шүү. Гэтэл медалийн тавцан дээр гурван удаа зогсч нулимсаа гаргасан даа. Тамирчин хүн эх орныхоо нэрийг гаргаж медалийн тавцан дээр зогсохоос өөр уйлах эрхгүй байдаг юм шүү дээ.

-Сүүлийн үед хотжилт, хөдөлгөөний дутагдлаас болоод таргалалт ихэсч, эрүүл бус хүмүүс олширч байна. Үүнээс хэрхэн ангижрах вэ?

-Энэ тийм хэцүү зүйл биш шүү дээ. Хамгийн түрүүнд утас, телевиз хоёроосоо холд. Үзэлгүй л яах вэ гэхдээ цагийн хуваарьтай үз. Түүнийг чинь сууж, хэвтэж байж л үзнэ шүү дээ. Мөн архи тамхийг хэрэглэхгүй байя гэвэл энэ бас л санааных. Хүн өөрийнхөө оюун санааг өөрөө удирддаг, өөр хэн ч биш.

-Ахмад настнууд гэртээ сууж, ганцаардахгүйгээр жишээлбэл тан шиг гадуур гарч сонирхол, хоббигоо хөгжүүлэх боломж орчин нөхцөл хэр байдаг юм бэ?

-Би улсад олон жил ажилласан хүн. Тэр үед хүмүүс хүүхдээ сургууль цэцэрлэгт явуулдаг байлаа. Одоо бол цэцэрлэгтэй, цэцэрлэггүй хүүхдээ өнөө муусайн эмээ өвөө дээр нь аваачаад хаячихдаг болсон байна. Өөрсдөө ресторанд архи пиво уугаад сууж байдаг залуучууд их болжээ. Энэ буруу. Хүүхэд харах чинь тийм амар ажил биш шүү. Ахмад настнууд гэрээсээ гараад сонирхлоо хөөгөөд явах орчин байхгүй. Монголд тийм газар алга гэж хэлэхэд болно.

-Та бол зөв, эрүүл саруул амьдарч байгаа хүний жишээ. Яаж тан шиг байх вэ?

-Эхлээд хоолны тухай ярья. Манайхан өөхнөөс айдаг. Өөх бол хүний энергийг тэтгэгч сайн хоол. Ялангуяа өвчүү сүүл бол ханасан өөх, уураг. Би жишээ нь өөхтэй мах, гэдэс дотор гээд монгол хоолоо л сайн иддэг. Надад муу болсон юм алга. Хүн сэтгэл санаагаа цэвэр байлгах хэрэгтэй. Хүнтэй зөв сайхан юм санаж, зөв харилцаж сурах хэрэгтэй. Тэгээд мэдээж ямар нэгэн спортоор хичээллэх хэрэгтэй. Одоо үед өсвөр үеийнхний бие бялдрын хүмүүжлийг орхигдуулж байгаа нь маш буруу. Хүний бие бялдар муудсанаас энэ их ядаргаа, өвчлөл үүсч байгаа юм шүү дээ.

-Та бас нийгмийн маш их идэвхтэй хүн. Ардчиллын үйл хэрэгт таныг идэвхтэй оролцож хувь нэмрээ оруулж байжээ. Энэ тухайгаа товчхон яриач?

-Анх ардчилал үүсч гарахад би дэмжиж Булган сумандаа хүмүүсийг хөдөлгөж явлаа. Өмнө нь МАХН-д гурван удаа өргөдөл өгөөд гурван удаа хөөгдсөн байсан учраас ардчиллыг тууштай дэмжсэн хүний нэг нь би байх. Ерэн онд би АН-ын анхдугаар их хурал болоход төлөөлөгчөөр нь оролцож байлаа. Дараа нь ээлжит бус хуралд болоход нь бас оролцож байсан. Мөн дараа нь АН-ын ахмадуудын том хурал чуулган Улаанбаатар хотод болоход нь бас уригдаж оролцож явснаараа бахархдаг. Улаанбаатар хотод оршин суухаар орж ирээд Баянхошууны 11-р хорооны тэнд манайх байсан юм. Тэнд ирэнгүүтээ л би бүртгүүлж Үүрийн дарга болсон юм. Тэнд байхдаа нэлээд их ажлыг санаачлан зохион байгуулж явлаа. Дараа нь гэр шилжээд Хан-Уул дүүрэгт ирсэн ч ардчиллын үйлс хэргийг тууштай дэмжсээр явна даа. Ардчиллын зам бол ирээдүйн зам гэдэгт ах нь итгэдэг хүн.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.