СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2019-10-07

Д.Амарсайхан: Жижиг биетэй, над шиг хүмүүст дархан мэх гэж бараг байдаггүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Булган хан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхантай ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу. Энэ жилийн наадам таны хувьд ямархуу болов оо?

-Улсын наадам уг нь их өргөн дэлгэр сайхан болсон. Дандаа том цолтой бөхчүүд үлдээд, сайхан барилдацгаасан. Миний хувьд ч сайхан барилдаад тавын даваанд сайн бөхөд унасан даа. Д.Анарыг түрүүлчих болов уу гэж харж байсан ч харцага болсон. Даанч сүүлд нь “түрүү бөхөөс допинг илэрлээ” гээд жаахан сонирхолгүй болгочихлоо.

-Допингийн асуудлаас болоод монгол бөхийн нэр хүнд унаж, бөхөө дээдэлдэг ард түмний итгэл сэтгэлд сэв сууж байх шиг санагддаг. Халуун тогоонд нь чанагдаж яваа хүний хувьд допингийн асуудлыг хэрхэн хардаг вэ?

-Допинг хэрэглэж байгаа хүнийг би хувьдаа нүдээрээ үзэж, харж байгаагүй. Допингийн талаар мэдлэг, мэдээлэл муутай л байна. Миний бодлоор Допингийн эсрэг үндэсний төв бөхчүүдээс шинжилгээ авсан бол түүнийхээ хариуг олон нийтэд ил зарлаж баймаар санагдсан. Шөвгийн 16 бөхийн бичиг цаасыг шууд дэлгээд харуулах хэрэгтэй. Н.Батсуурь аварга түүнийгээ харъя гэж шаардаад байгааг нь хувьдаа дэмжиж суудаг. Ер нь шинжилгээ авсан бөхчүүдэд өөрсдөд нь харуулахгүй, утсаар ярьж хариу хэлдэг юм билээ. Би бас шинжилгээ өгч байсан. Хүний эрх зөрчинө гэж үзээд харуулдаггүй гэдэг юм билээ. Үүнийг ил тод болгомоор санагддаг. Тэгж байж ямар ч хардлага сэрдлэг үүсэхгүй шүү дээ, уг нь.

 

-Үндэсний бөх бол нэг талаар бидэнд уламжлагдаж ирсэн өв соёл. Энэ ч утгаараа бөхчүүдийг соёлын өв тээгчид гэж хардаг?

-Тэгэлгүй яах вэ. Бөх бол хэдэн мянган жилийн өмнөөс уламжлагдаж ирсэн өв соёл. Бөхчүүд бид үүнийг авч яваад, цааш нь үргэлжлүүлж үлдээх ёстой. Тэгэхээр энэ цаг үед барилдаж байгаа бөхчүүддээ хэлэхэд бөхийн өв соёлын талаар санаа зовж байгаа бол өөрөө л зөв яваарай гэж хэлмээр байна. Миний хувьд барилдах нас богинохон учраас энэ хугацаандаа зөв явъя л гэж боддог.

-Монгол бөхчүүдэд эртнээс нааш хээгүй, гүндүүгүй, жудагтай, жинхэнэ монгол эр хүн гэсэн тодотгол дагаж ирсэн. Гэвч өнөөдөр бөхчүүд үүнээс алсраад байх шиг санагддаг?

-Миний ойлголтоор барилдааны өрсөлдөөн гэдэг утгаараа тийм байдаг болов уу. Дээхнэ үед хоёр бөх зэрэг унавал “Та давсан, та давсан” гэдэг байсан юм билээ. Тэр үе, өнөө үе хоёр ондоо л доо. Тэр үед хүмүүс бөхөд амьдралаа зориулж, бэлтгэл хийж яваагүй байх. Харин одоо үед бөхчүүд өөртөө зорилго тавьчихсан, амьдралаа болгочихсон, бүх юмаа зориулчихсан байгаа учраас даваа, унааны наана цаана зүтгээд байдаг байж болох юм. Энэ дашрамд бөхчүүддээ хандаж хэлэхэд “Аливаа зүйлд голтой, суурьтай хандаж, наадмаа хүндэлж дээдэлдэг байгаасай” гэж хэлмээр санагддаг.

-Бөхчүүд өнөөдөр зөвхөн барилдаан, бэлтгэлдээ бүх цагаа зарцуулж амьдрах боломж хэр байдаг бол?

-Ажил хийхгүй бөх барилдаад амьдарна гэвэл сайн барилддаг байх шаардлагатай. Заалны барилдаанд тав давчихдаг бол бөхөөр амьдарч болох байх. Түүнээс доош давдаг бол хэцүү. Өөр ажил хийхгүйгээр бүх юмаа зориулсан хүмүүс л бөхөөр амьдрах байх. Ингэж чадаагүй хүмүүс амжилт гаргахад хэцүү. Миний хувьд 2011 оноос Г.Идэрмаа захиралтай “New mind” группын нэрээр барилдаж эхэлсэн. Мундаг сайхан хүмүүсийн итгэл зүтгэлийг алдахгүй сайн барилдахыг хичээж л явна. Хүний итгэлийг алдах тийм сайхан мэдрэмж биш. Зөв явахад зөөлөн зөөлөн замбуулин гэдэг бил үү. (инээв)

-Бөхчүүдийн дунд нутгархаж, талцах үзэгдэл их ажиглагддаг. Сүүлдээ бүр Бөхийн холбоогоо булаацалдах хэмжээнд хүрээд байгаа. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Ганц Увсынхан ч гэлтгүй бөхчүүд дотроо их нутгархана. Нутаг усныхаа нэрийг дуудуулж барилддаг учраас, нутгийнх нь уул ус наадамд хамт ирдэг гэдэг утгаараа нутаг амьтай байдаг болов уу. Бөхийн холбооны тухайд одоо нэг тийшээ болж байгаа гэж ойлгосон.

-Таныг бөх сонирхогчид уран барилдаантай бөх гэж үнэлдэг. Дархан мэх гэж бий юу?

-Жижиг биетэй, над шиг хүмүүст дархан мэх гэж бараг байдаггүй. Яагаад гэвэл нэг сурсан мэхээ бярдаж, хүч чадлаар хийгээд байж чадахгүй учраас тэр. Тийм болохоор нэг мэхийг удаан хугацаанд хийгээд байдаггүй. Хүмүүс судлаад мэдчихнэ шүү дээ. Тийм болохоор би үргэлж л шинэ мэх сурч, мэдэхийг боддог. Түүнээс дархан мэх байхгүй. Ер нь сайн барилддаг хэмжээнд очъё гэвэл сайн судалж, сайн бэлтгэл хийж, уйгагүй хөдөлмөр зүтгэл хөлсөө гаргаж байж амжилтад хүрдэг спорт. Бяр чадал бол залуу үеийн ааг юм уу даа.

-Сүүлийн үед бөхчүүдийн талаар яригддаг бас нэг шүүмжлэл бол мэхний хувилбар цөөхөн болсон гэгддэг?

-Уран барилдаан жингээс л хамаатай. Уран барилдаантай, мэх хийдэг гоё барилдаан үзье гэвэл хамгийн эхлээд бөхчүүдийн жин дээр анхаарах нь зөв байх. Сүүлийн үед манай бөхчүүд харьцангуй жингээ хаяад сайхан болж байна. Бөхчүүдийн жин багасаад ирвэл аяндаа барилдаан гоё болоод, хөдөлгөөн нь хурдсаад ирнэ шүү дээ.

-Үндэсний бөхөд ер нь хэчнээн төрлийн мэх байдаг вэ. Тэр бүхэн өнөөдөр хэрэглэгдэж байна уу?

-Олон зуун мэх байгаа. Тэр дундаас яг өнөө цаг үед хийгдэж байгаа мэхнүүд их цөөхөн л дөө. Бөхчүүдийн жинтэй холбоотой мэх хийх нь багассан байх. Миний бодлоор барьц сонгоог болиулаад санаачилгатай барилдаж байгааг нь жаахан дэмжмээр байна. Жин багатай талыг нь дүрмийн талаас нь дэмжээд, давуу тал өгөх юм бол хүмүүс асаад эхлэх болов уу.

-Таны удам сударт бөх хүн байсан уу. Яаж яваад бөх болчхов оо?

-Манай ээжийн тал бөхийн удамтай. Дээхнэ үед даншгийн заан байсан гэж хүмүүс ярьдаг. Бөх барилдах болсон тухайд гэвэл хөдөөний хүүхдүүд чинь тоглож наадах тоглоом байхгүй болохоор барилдаж л өснө шүү дээ. Тэгээд л Булган аймгийн Сэлэнгэ сумынхаа дунд сургуульд сурч байхдаа талийгаач н.Болдбаатар багшийнхаа үндэсний бөхийн секцэд явж эхэлсэн. Багш минь намайг өөрийнхөө багш Г.Элбэг багшид шавь орохыг зөвлөсөн. Г.Элбэг багш минь надад нарийн ширийн зүйл их заасан даа.

 

-Та 17 насандаа сумын начин болж байсан юм билээ. Сумын начнаас улсын начин цол хүртэл туулсан замнал хүнд хэцүү байв уу. Шантарч байсан үе бий юу?

-Би бөхөд хэтэрхий дуртай байсан болохоор шантарч байгаагүй. Би 2016 онд Улсын начин цол авсан. Энэ хүртэл хугацаанд бүх цаг заваа ганцхан бөхийн бэлтгэлдээ зориулж, зүтгэж байж энэ амжилтад хүрсэн. Улсын цол гэдэг бол хүндлэхгүй байхын аргагүй сайхан зүйл. Тийм болохоор бөхдөө хайртай олон түмнийхээ хайр хүндлэлийг дааж явахыг хичээдэг.

-Одоо голдуу ямар төрлийн бэлтгэл хийж байна. Ирэх жилийн наадмаар тавьсан зорилго байна уу?

-Хүчний бэлтгэл хийж байна. Барилдааны бэлтгэл ч хийж байна. Би одоо үсрээд таван жил л барилдах байх. Энэ хугацаанд өөрийгөө бүрэн дайчлаад барилдана. Ямар цолонд хүрэхийг бурхан л мэдэх байх. Түүнээс цааш гоё гоё амьдрал байна шүү дээ.

-ХААИС-д ямар мэргэжил эзэмшсэн бэ?

-Механик инженер мэргэжилтэй. Гэр бүлийн хүн маань эмч мэргэжилтэй. Барилдахад гэр бүлийн хүн их нөлөөлнө шүү. Намайг маш сайн дэмждэг. Ар гэр сайн байж ямар ч хүн илүү сайн амжилтад нөлөөлдөг гэж би боддог. Тийм биш бол амжилт гаргана гэж байхгүй. Хань минь үргэлж дэмждэг учраас би гайгүй барилдаж байгаа. Эхнэрийн ач тус их шүү дээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.