10-р сарын 4-5-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон 16 хүн "Хордлогын яаралтай тусламжийн төв"-д ирсэн байна. Тэднээс хоёр хүүхэд нас барсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл мөн өчигдөр/2019.10.06/ үдээс хойш нэмж хоёр том хүн нас барсан байна. Албан бус зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хордсон хүмүүсийн тоо 30 орчим бөгөөд сайжруулсан түлшинд хордсон байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ажээ.
Уг хэрэгтэй холбоотойгоор өчигдөр орой/2019.10.05/-дд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл яаман дээрээ яаралтай хурал зарласан бол 21:00 цагийн орчимд Нийслэлийн онцгой комисс хуралдсан байна. Улмаар Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан сайжруулсан түлшийг лаборатороор шинжлүүлэх үүрэг өгч, онцгой байдал, түргэн тусламж, цагдаа, мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон байна.
Нийслэлийн засаг дарга,
"Сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцөлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх, хүйтний улиралтай холбогдуулан иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, иргэдийг эрсдэлд оруулахгүй байх бүхий л нөхцөл байдлыг ханган ажилах"-ыг холбогдох байгууллагуудад мөн үүрэг болгожээ.