СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-10-05

Сэлэнгэ аймгийн таван суманд баавгай хүмүүс рүү дайрч байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

 

Энэ аравдугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт бичил уурхай эрхлэгчдийн гэр лүү улангассан баавгай дайрч, аав хүү хоёрыг барьсан аймшигт хэрэг гарсан. Тухайн гэр бүлийн хүмүүс Ерөө сумын иргэд биш бөгөөд нийслэл хотоос ирж түр оршин сууж байсан хүмүүс ажээ.

Гэрийн эзэгтэй Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компанид тогооч хийдэг бөгөөд хотоос хүүгээ дуудаж аавтай нь орхиод өөрөө төв газар луу хоол унд цуглуулахаар явсан үед ийм явдал болсон байна. Өлсөж ундаассан баавгай аавыг нь барьж тасчсаны дараа хүүгийн биеийг газарт булж орхиод явсан байжээ. Мөн гэрт байсан цагаан идээг бүгдийг нь идсэн аж.

Энэ зун Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэр, ой хөвч ихтэй газруудад баавгай ихээр орж ирсэн. Гол учир нь Сибирийн их хөвчид зунжин ассан түймрээс дүрвэсэн баавгайн нүүдэл бөгөөд хойд хөрштэй хил залгаа Сэлэнгэ аймгийн нутагт самар жимс бага ургасан тул өлссөн баавгай ийнхүү хүмүүс рүү дайрах явдал ихэсчээ. 

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн зүүн хойд талын сумд буюу Ерөө, Жавхлант, Хүдэр, Бугант, Алтанбулаг сумдуудад баавгай ихээр үзэгдэж, зах зайдуу айлуудын хот руу орж ирэх, гэр байшинг самардаж хүмүүсийг айлгах явдал олширчээ. Тэр ч бүү хэл одоогоор 50 гаруй бог мал барьж идсэн гэсэн мэдээллийг өглөө.

Өчигдөр /2019-10-04/ Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын комисс шуурхай хуралдаан зарлаж, дээрх таван сумдын нутгаар онц байдал зарлан баавгайтай тэмцэж эхэлжээ. 

Монголчууд баавгайг айлгаж ичээхийн тулд төмөр түмпэн нүддэг ч энэ зуны баавгайнууд огт айхгүй байгаа гэнэ. Харин гэрэл ихээр тусгавал цааш дүрвэн явж байгаа гэж нэрээ нууцлахыг хүссэн нутгийн иргэн ярилаа.

 Нутгийн иргэд эдгээр баавгайг Сибирийн ой шатсанаас үүдэн Монгол руу дүрвэн орж ирсэн хар баавгай хэмээн ярьж байна

Аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил

“Бид юу юуны түрүүнд хүнээ бодох учиртай. Хүнээс илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Баавгай явж байгаа сумдад хэрхэн яаж ажиллахаа тодорхойлж, мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг ажиллуулан холбогдох арга хэмжээг авна” гэлээ.

Иймд ард иргэд малаа хариулах, самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, хадлан хадах, тариа хураах зэргээр хөдөө орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна. Мөн малчин айл өрхүүд хүнс хоол тэжээлийн зүйлсээ өөрсдийн унтаж амардаг газраасаа тусад нь өөр гэрт байлгах зэрэг зөвлөмж гаргажээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.