Шинжаан Уйгурууд хэзээнээсээ Хятадын шүдний өвчин болсон аюулгүй байдлын эмзэг сэдэв. Хан үндэстний эрх баригчид исламын шашинтай үндэсний цөөнхийг хавчин дарамталсаар ирсэн гэдгийг өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үргэлж дамжуулдаг.
Уйгуруудыг дарж, барихын тулд Хятадын Засгийн газар төрөл бүрийн арга хэрэглэсээр, эцэст нь эсэргүүцсээр байсан үйлдлээ хүлээн зөвшөөрөв. Эрх баригчид Шинжаанд орон нутгийн дахин “боловсрол эзэмшүүлэх сургалтын төв” гэх нэрийн дор Уйгуруудыг хорьж саатуулдаг тухай бид өмнө нь хүргэж байсан.
Тэгвэл энэ хорих лагерийг хууль ёсны болгосон байна. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын эрх баригчид олон сая хүнийг барьж түгжсэн гэх мэдээллийг эрс үгүйсгэж байсан. Сургалт, боловсролын төв нэртэй ч үнэн хэрэгтээ телевиз, радио олон нийтийн мэдээллийн хэрэгслээс холдуулах гэсэн санаа юм. Энэ төвд ирсэн Уйгуруудад Хятадын дарга Си Зиньпиний талаар суртал ухуулга хийнэ гэж эх сурвалж дамжуулав.
Мөн саатуулах төвүүдэд мандарин хэл, хуулийн зүйл заалт, мэргэжлийн сургалтууд явуулна гэжээ. Энэ бол Исламын шашинтай иргэдийг өндөр боловсрол эзэмшүүлэхгүй гэсэн эрх баригчдын үйлдэл.
Хятадын Засгийн газар саатуулах төвүүдийг хуульчилснаар хүний эрхийг хамгаалагчдын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна. Хүний эрхийг хамгаалагчид Си Зиньпиний туслахууд Исламын хэт даврагсдын эсрэг тэмцэх нэрийн дор хүчирхийлэл явуулж байна хэмээн шүүмжилжээ.
Уйгурууд Шинжаан нутгийн хүн амын 45 хувийг эзэлдэг исламын шашинтнууд. Хэлний хувьд туркуудтэй төстэй ч, соёлын хувьд төв Азийн үндэстнүүдтэй ойрхон гэж өөрсдийгөө үздэг. Ойрын хэдэн арван жилд Хан гаралтай хятадууд олон мянгаараа Шинжаанд шилжин ирсэн.
АНУ-ын Конгрессын гишүүд дараа жилийн Нобелийн энх тайвны шагналд Уйгурын эдийн засгийн ухааны профессор, Уйгур-Хан үндэстний судлаач Илхам Тохтийг нэр дэвшүүлэх санал гаргалаа.
Түүнийг Хятадын эрх баригчид 2014 онд баривчлан, бүх насаар нь хорих ял оноосон. Ялаа эдэлж байгаа Илхам Тохти “Уйгур Онлайн” цахим хуудсыг хөтлөн явуулдаг бөгөөд салан тусгаарлалттай холбоотой судалгаа хийж байжээ.
Эх сурвалж: www.bbc.com, www.qz.com