АНУ-ын цагдаагийн офицер байсан эмэгтэй Даллас дахь орон сууцанд амьдардаг хөрш эрэгтэйг санамсаргүй байдлаар буудаж хороосон билээ. 31 настай Амбер Гайгерт шүүхээс 10 жилийн хорих ял оноосон байна.
Цагдаагийн офицероор дөрвөн ажилласан цагаан арьст эмэгтэй 2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр гэртээ ирэхэд хаалга нь онгорхой байжээ. Эмэгтэй сэжиг аван, гэтэж ороод, буйдан дээр мөхөөлдөс идэж суусан өнгөт арьстай 26 настай эрэгтэй Ботам Жэйнийг буудаж хороосон юм. Харамсалтай нь офицер эмэгтэй хөршийнхөө хаалгыг өөрийнхтэйгөө андуурч, гэртээ сууж байсан гэм буруугүй залууг гадны хүнтэй андуурч бууджээ.
Прокурорууд цагдаагийн офицерыг гэм буруутай гэж үзэн 28 жил хорих ял оноохоор зарга үүсгэсэн боловч шүүгчдийн бүрэлдэхүүн ялыг бууруулж 10 жил болгожээ.
Хохирогчийн аав Бертрум шүүх хурал дээр уйлан “Ботам бол алдах эрхгүй маш сайн хүү байсан. Тэр шударга амьдралынхаа төлөө хамгийн сайнаараа хичээсэн. Тэр бурханд хайртай, хүн бүрийг хайрладаг байсан” хэмээн шүүх танхимд мэдүүлэг өгсөн байна.
Харин хохирогчийн дүү Брэндт хорих ял сонссон офицер эмэгтэйтэй ярилцахыг хүсч, түүнийг өрөвдөж, хайрлаж байгаагаа илэрхийлэн тэвэрчээ. Брэндт хэлэхдээ “үнэн хэрэгтээ таныг ял эдлээсэй гэж хүсээгүй. Хүн учраас таныг хайрлаж байна. Өөрт тань огт муу зүйл хүсэхгүй” гэжээ.
Эх сурвалж: www.bbc.com