СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очирын эхнэрийг юуны учир баривчлав

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
4 жилийн өмнө

 

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд есдүгээр сарын 30-ны өдөр УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир эхнэр, “Дархан гурил тэжээл” ХК-ийн цорын ганц эзэмшигч Сосорбарамын Намсрайжав, ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Магвансүрэнгийн Ариунболд нарыг баривчилсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийг албаны эх сурвалжаас тодруулахад үнэн гэв.

 “Дархан гурил тэжээл” ХК нь 2013 оны санхүүгийн тайлангаар 2.1 тэрбум төгрөгийн богино хугацаат өр, 3.1 тэрбум төгрөгийн урт хугацаат зээл, нийт 5.2 тэрбум төгрөгийн өр, төлбөртэй атлаа Үр тариа хадгалах зориулалттай, нийтдээ 16 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 36.0 мянган тонн багтаамжтай төмөр, бетон хийцийн элеватор барих тендерийн сонгон шалгаруулалт ялалт байгуулж байжээ.

Гэвч “Дархан гурил тэжээл” ХК-ийн барьж нийлүүлсэн 16 тэрбум төгрөгийн үнэтэй элеватор нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, ашиглалтын наад захын шаардлагыг хангахгүй, чанаргүй байснаас үүдэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хадгалуулсан үрийн буудайд нян бактери үржсэн, эрүүл ахуй ариун цэврийн наад захын шаардлагыг хангахгүй болгож, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 11,240,745,297 (арван нэгэн тэрбум, хоёр зуун дөчин сая, долоон зуун дөчин таван мянга, хоёр зуун ерэн долоон) төгрөгийн хохирол учруулсан нь Сангийн яамнаас хийсэн шалгалтаар тогтоогдсон байна.

Их хэмжээний өр зээлтэй компанийг асар өндөр дүнтэй тендерт ялуулаад зогсохгүй, ашиглалтын шаардлага хангахгүй чанар муутай элеваторыг нь хүлээн авсан үйлдэлд ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнууд холбоотой байж магадгүй хэмээн АТГ өнгөрсөн жилээс эхлэн шалгаж эхэлсэн бөгөөд эхний дайчлан баривчилгаа нь эдгээр хүмүүс байжээ.

УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очирын эхнэр С.Намсрайжавын талаарх мэдээллийг хайж үзэхэд “Тэрбээр Москвагийн Удирдлагын дээд сургуулийг 1987 онд эдийн засгийн кибернетикч мэргэжлээр, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг 1994 онд англи хэлний орчуулагч мэргэжлээр, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг 1997 онд эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. ОХУ-ын ШУА-ийн Эдийн засгийн сургуульд 2009 онд докторын зэрэг хамгаалсан” хүн юм байна.

 С.Намсрайжав НИТХ-ын 2012 оны сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж ялагдсанаар нөхрийнхөө хамт улс төрөөс хөндийрчээ.

Дархан гурил тэжээл ХК-ийн хувьцаа эзэмшигчийн талаарх мэдээлэл

Эх сурвалж: burtgel.gov.mn

 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.