Британийн өдөр тутмын хэвлэл The Guardian-ы эрэн сурвалжлах баг Катар улсад жил бүр олон зуун цагаач иргэн хэт халуунаас болж амиа алдаж байгаа тухай мэдээлжээ.
Катар улс ирэх 2022 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах юм. ДАШТ-ий өмнөх бэлтгэл ажлын хүрээнд шинээр байшин барилга барих, бүтээн байгуулалт цогцлоох нүсэр их ажлыг эхлүүлсэн. Гэвч энэ зун олон зуун мянган гадны цагаач иргэн цельсийн +45 хэмийн халуунд хоногт 10 цагаас дээш хугацаагаар ажиллаж байна.
Тус улс Арабын хойгийн бусад орнуудтай адил зуны ид халуун 6-8 дугаар саруудад үдээс өмнө 11:30 цагаас үдээс хойш 15:00 цаг хүртэл гадаа талбайн ажил хийхийг хориглож, хөдөлмөрчдийг халуунаас болж өвдөх, бэртэж гэмтэх, амиа алдахаас хамгаалах дүрэм журамтай. Зүрх судасны эмч нарын хэлснээр жил бүрийн 6-9 дүгээр саруудад халуунаас болж олон хүн амьсгал хурааж байна.
Нийслэл Доха хотод хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа энэ үед хөдөлмөрчдийн ачаалал сэрүүний улиралд ч үргэлжлэх төлөвтэй байна гэж шинжээчид үзжээ.
Цаг агаарын хэт халуун температурт хүнд хүчир хөдөлмөр эрхлэх нь хүний зүрх судасны үйл ажиллагаанд маш их ачаалал өгдөг. Ингэснээр зүрхний шигдээс болон зүрх судасны бусад өвчлөлийг үүсгэж байгаа гэдгийг орчин үеийн судалгаагаар харуулдаг.
Тэгвэл жил бүр 25-35 насны зуу зуун залуу Катарын халуун цаг уурт амралт багатай ажилласнаас амиа алдаж байна. Тус улсын эрх баригчид зүрх судасны үйл ажиллагаа нь доголдсоноос болж амиа алдсан залуусын үхлийг тайлбарлахдаа гадны нөлөөгүй гэж дүгнэдэг ажээ.
Эх сурвалж: www.theguardian.com