АНУ-ын сансар судлалын станц НАСА-ын Ангараг гараг руу илгээсэн ИнСайт хөлөг Улаан нүдэн гарагаас гарч буй дуу чимээг дамжуулсан байна. Эдгээр хачирхалтай чимээ гараг дээр байж болох харь гарагийнхнаас бус газар хөдлөлтийн чичирхийллээс гарч байгаа ажээ.
Хөлгийн газар хөдлөлт хэмжигч төхөөрөмж дуу чимээг дамжуулснаар чичирхийллийн хөдөлгөөнийг нарийн шинжилж Ангараг гарагийн дотоод бүтэц болоод хэрхэн бүрэлдсэнийг зурах боломжтой болж байгаа юм. ИнСайт хөлөг 2018 оны 10 дүгээр сард буюу бараг жилийн өмнө Улаан нүдэн гараг дээр газардаж, энэ оны хоёрдугаар сард газар хөдлөлт хэмжих төхөөрөмжөө гадаргуу дээр суурилуулж чадсан билээ.
Гэвч энэ оны дөрөвдүгээр сар хүртэл гарагаас ямар нэг дуу чимээ гарахгүй байсан ч дөрөвдүгээр сарын 6-ны өдөр дохио ирсэн байна. ИнСайт багийнхан уг чимээг гарагийн гадаргуугаас бус дотоод бүцтийн чичирхийлэл, хөдөлгөөнөөс гарч байна гэж үзсэн юм. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд ИнСайт нийт 100 гаруй хөдөлгөөнийг илрүүлсний 21 нь газар хөдлөлт байх боломжтой юм байна.
Түүнчлэн тав болон долдугаар саруудад НАСА-ын дамжуулсан дуу чимээний бичлэг энгийн хүнд ч сонсогдохоор тод байсныг судлаачид онцолжээ. Тиймээс тавдугаар сард 3,7 магнитуд, долдугаар сард 3,3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэж үзэж байна.
Дэлхий тектоник хавтантай учраас газар хөдөлдөг. Харин Ангараг гарагт тектоник хавтан байдаггүй учраас хэт хөрөх болон агшилтаас үүдэж газар хөдөлдөг гэж таамагладаг. Дэлхий дээр нэг удаа газар хөдлөхдөө хэдэн секунд зарцуулдаг бол Ангараг гараг дээрх галт уулын тогоо хэлбэртэй гадаргуугаас харахад минут орчим үргэлжилдэг гэж эрдэмтэд тогтоосон.
Эх сурвалж: www.cnn.com