СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Мөнх-Эрдэнэ: Ц.Нямдорж сайд аа, өөрийнхөө хүүг Монголын төрөөс зайлуулаарай

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны нийслэл Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байгаад саяхан эргэн ирсэн Д.Мөнх-Эрдэнэ NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт оролцож, сэтгүүлч Ч.Лодойсамбуутай халуун яриа өрнүүлсэн. Тэрбээр уг ярилцлагынхаа үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, түүний хүү Н.Анхбаяр нарын талаар хэд хэдэн ноцтой баримт ярьсныг тоймлон хүргэж байна.

Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ:

 

Ц.Нямдорж сайд Монголын хуулийг иргэддээ таниулах ажлыг хийгээгүй

Би Хууль зүйн сайдын тухай хэдэн зүйлийг ярья. Ц.Нямдорж сүүлийн 30-аад жил УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж, 4-5 удаа Хууль зүйн сайдаар ажиллалаа. Энэ хүнийг сайд хийж байх үед гэмт хэргийн тоо буураагүй. Ц.Нямдорж гуай бууруулах талаар ч ажиллаагүй.

Урд /БНХАУ-д/ 50 гаруй хүн хоригдож байна. Тэдний ихэнх нь хуулийн мэдлэггүйгээсээ болж хохирсон. БНХАУ-д ял эдэлж байгаа Монголын иргэдийг цаг уурын нөхцөл ойролцоо гэж үздэг юм байлгүй, бүгдийг нь Хөх хотод хорьдог. Би Ерөнхий консулаар томилогдсоныхоо дараа тэдгээр хүмүүстэй очиж уулзахад “Хүүе танай улсын Ерөнхий консул энд байдаг юм уу” гэж гайхаж байна билээ. Би өөрөө гадаадад хар бор ажил хийж байсны хувьд Хятадад хоригдож байгаа монголчуудтайгаа уулзахад тэд нар хэлж байсан. “Мэдэхгүй ээ, нэг хүн хэдэн цаас өгье, энэ ачааг хил давуулаад өг гэхээр нь мэдэхгүй аваад орчихсон чинь ийм зүйл боллоо” гэж байна билээ. Ирвэсний арьс гэдгийг мэдэхгүй хил давуулж ороод арван хэдэн жилийн ял авчихсан хүн ч тэнд байна. Тэр хүн хүн алаагүй, хулгай хийгээгүй, ирвэсний арьс авч ороход тийм өндөр ялтайг мэдэхгүй учраас л хохирсон. Үүнийг Хууль зүйн яам, Монголын төр иргэддээ ойлгуулах ажлаа хийгээгүйгээс тэд хохирсон. Д.Цогтбаатар сайд Хятад, Монгол хоорондын бараа эргэлт 10 тэрбум ам.доллар боллоо гэж цээжээ дэлдээд байгаа. Гэтэл тэр их мөнгөний урсгалыг бий болгоход хамгийн чухал нөлөө үзүүлдэг нүүрсний жолооч нар нүүрсэн дундаа мах нууж хил давуулах гэж байгаад баригдаж хоригдож байна. Энэ бүхэнд хяналт тавих ёстой Хилийн цэрэг чинь Ц.Нямдорж сайдын мэдэлд байдаг. Нүүрсэнд нь мах байгааг рентгэнээр харж илрүүлээд “Мангар минь, чи мах хил давуулбал Хятадад хоригдоно шүү дээ гээд амбаардаад буцаахгүй яасан юм” энэ мэтчилэн бодохоор бухимдал төрдөг.

 

Би Н.Анхбаярын үйлдлийг харахаар ой гутдаг

Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр гэр хороололд өсөөгүй. Гэр хорооллын амьдрал ямар байдгийг ч мэдэхгүй. Энэ хүн лифтэнд суугаад дээшээ явсан хүн. Ц.Нямдоржийн энэ банди Монгол Улсыг төлөөлж АНУ-ын Сан Францискод Ерөнхий консул хийж байсан. Гадаадад Монгол Улсын зардлаар тавин хэдэн мянган ам.доллараар сурсан гээд нэг эмэгтэй зурагтаар яриад байна билээ. Би тэрийг нь бодоод үнэхээр ичсэн. Тавин хэдэн мянган ам.доллар гэдэг чинь 100 өрхөд гэр бариад өгөх хэмжээний мөнгө. Тэгэхэд нэг даргын хүүхэд тэр мөнгөөр гадаадад төрийн зардлаар сурж ирчихээд тэрийгээ бас фэйсбүүк дээрээ тавьчихжээ. “Би төрдөө таван жил ажиллахад миний тэр зээлийг хүчингүй болгосон” гэж бичсэнээс нь ичсэн. Эд нар шиг залуучууд Монголыг төлөөлж гадаадад очвол хар бор ажил хийж байгаа залуусаа хамгаалж чадахгүй ээ. Мань шиг гэр хороололд өсөөгүй учраас бидний амьдралыг мэдэхгүй. Би даргын хүүхэд болохоор нь Н.Анхбаярыг доромжилж байгаа юм биш. Харин түүний гаргаж байгаа үйлдлийг харахаар ой гутдаг. Монголын төрөөс ийм нөхдүүдийг хаямаар байна шүү дээ. Н.Анхбаяр шиг нөхдүүд гадаад яамны нэрийг гутаадаг, иргэдийнхээ төлөө ажилладаггүй л байхгүй юу.

 

Ц.Нямдоржийн хүү нууц амрагаа дэд консулаар явуулсан

Н.Анхбаяр миний оронд консулаар очсон байсан бол Хятадын шорон дээр очихгүй. Хил дээр ял авч байгаа иргэд дээрээ очихгүй. Би нэг найзаасаа сонсож байсан. Н.Анхбаяр өмнө нь АНУ-ын Сан Францискод Ерөнхий консулаар ажиллаж байхад нь нэг Монгол иргэн аваарт орж л дээ. Ийм тохиолдолд Ерөнхий консулаас тухайн эмнэлэгтэй нь яриад ямар нэгэн байдлаар туслах үүрэгтэй байдаг. Тэр дагуу ч очсон юм билээ. Тэрнээс хойш аваарт орсон нөгөө хүн нь Монголд ирээд том дарга болж. Тэгсэн Н.Анхбаяр найзуудтайгаа архи уучихсан согтуу байж байснаа гэнэтхэн утсаараа нөгөө дарга руу залгаад “Муу гөлөг минь ээ, би чамайг Америкт үхэх гэж байхад чинь очиж авраа биз дээ” гэж ярьсан байдаг. Дарга хүнтэй ингэж харьцаж байгаа хүн тэнд ядарч байгаа жирийн хүний хүүхдэд туслахгүй. Би  Хөх хотод Ерөнхий консулаар ажиллах хугацаа дууссанаас хойш таван сар өнгөрсний дараа намайг эгүүлэн татсан. Ирээд Н.Анхбаяртай уулзахад “Чам шиг гудамжны юм надад дипломат алба заадаггүй юм” гэж хэлсэн. Энийг нь яамныхан нь харсан, сонссон. Энэ хүн намайг ингэж дээрэлхэж байгаагийн хажуугаар яамныхныг бүр базчихсан. ГХЯ-ныхан Н.Анхбаярын талаар ярьж байна шүү дээ. Нууц амрагаа гадаад яаманд оруулж ирээд нэг жил ажиллуулчихаад гадаадын оронд дэд консулаар явуулсан гэж.

 

Ц.Нямдорж 30 жил төрд ажиллахдаа хүүхдүүдээ төрд шахах ажлыг л хийсэн

Ц.Нямдорж гучин жил Монголын төрд ажиллахдаа ядуурлыг бууруулаагүй. Гэмт хэргийг бууруулаагүй. Харин Ц.Нямдорж 30 жил төрд ажиллахдаа хүүхдүүдээ төрд шахах ажлыг л хийсэн. Бэр болох н.Болортунгалаг нь ЗГХЭГ-ын Хүний нөөц, боловсон хүчин хариуцсан дарга хийж байгаа.  Өөрөөр хэлбэл, Н.Анхбаярын эхнэр нь. Тэгэхэд У.Хүрэлсүх чинь мужик юм билээ. Ерөнхий сайд болонгуутаа Барилгын яаманд том дарга хийж байсан дүүгээ хөөгөөд явуулчихсан байсан. Тийм мөртлөө өөрийнхөө удирдлага дор ажиллаж байгаа Ц.Нямдоржийнхныг яагаад цэвэрлэхгүй байгаа юм. Ц.Нямдорж сүүлийн гучин жил ийм л зүйл хийсэн.

Би Ламын гэгээний ойгоор зохиосон баяр наадмын морины уралдааныг нь хариуцан ажилласан юм. Бусдаас 300 гаруй сая төгрөг босгоод яг сайхан наадмаа хийх гэж байхад  Н.Анхбаяр аавдаа “Д.Мөнх-Эрдэнэ наадам зохион байгуулах гэж байна. Тэрнийг нь бусниулаад өгөөч” гэж хэлсний дагуу Ц.Нямдорж ЦЕГ-ын зөвлөлийн гишүүн хурандаа Ж.Амгалангаар ахлуулсан 100 цагдаа явуулж, манай наадмыг бусниулсан. Тэрхүү цагдаа нар нь морины комиссынхныг машинаас заамдаж унаган, үнэмлэхийг нь хураасан байдаг. Манай нутагт болж байгаа наадмыг аймгийнхаа цагдаа нартай хамтраад асуудалгүй зохион байгуулж болсоор ирсэн. Манай аймагт жагсаал болоогүй, наадам болсон. Тэгэхэд ийм зүйл хийж чадаж байна. Ц.Нямдорж гуай та ажлаа хийхгүй, харин наадам хэсдэг хурандаа нараа зайлуулаарай. Бас өөрийнхөө хүүгээ Монголын төрөөс зайлуулаарай гэж зөвлөж байна.

 

Н.Анхбаярын томилж илгээсэн найз нь хар тамхины хэргээр саатуулагдсан

Европын шоронд хар тамхины хэргээр хоригдож байгаа Т.Мөнхбатыг би танина. Тэр хүн чинь Н.Анхбаярын найз. Н.Анхбаяр ГХЯ-ны Төрийн захираа, удирдлагын газрын захирал болонгуутаа найздаа дипломат ямба өгөөд тийш нь явуулсан.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.