Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөс болж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн цөм болсон Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр тангараг тасарчлаа. Тангараг тасарснаа хэвлэл, цахим сүлжээгээр ил цагаан зарлаж, “зодолдож” эхлээд байна.
Ерөнхийлөгчийн талынхан “60 тэрбум” хэмээх сэдвийг дахин барьж авсан ба үүний хүрээнд Ц.Сандуйг ярилцлагад урьж, “Танилцуулгад М.Энхболд огт байгаагүй, У.Хүрэлсүх байсан” гэдэг үгийг баттай болгож харууллаа. 60 тэрбумын автор нь У.Хүрэлсүх байж шүү дээ гэсэн мессежийг нийгэмд өгөв.
Үүний үргэлжлэл болгож, У.Хүрэлсүхийн туслахаар олон жил ажиллаж байгаад МИАТ-ийн дэд захирлаар томилогдсон Н.Энхбаатарын томилгооны бичгийг “Цензургүй мэдээ” хуудсаар ил болгов.
Нөгөө 60 тэрбумын томилгоо чинь У.Хүрэлсүхийн дэргэдээс эхэлжээ гэдгийг олон нийтэд харуулах нь Ерөнхийлөгчийн багийн ээлжит төлөвлөгөө.
Улмаар, У.Хүрэлсүхийн хуурай дүү, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хөрөнгө орлогыг ухууллаа. Үргэлжлэл байгаа шүү... гэж “анхаарууллаа”.
Ерөнхийлөгч яагаад хайртай дүүгээ ийн удаа дараа “сэлэмдэх” болов?
Тэдний нэгдэл аюултай харагдаж эхэлсэн шигээ, тэмцэл нь илүүтэй аюултай харагдаж эхэллээ.
Тэдний эрх мэдлийн төлөөх тэмцлийн үзүүр нь УИХ-ын сонгууль руу чиглэж байгаа нь нэг талаас Ард нийтийн санал асуулга явуулах, нөгөө талаас асуулгад хориг тавьснаас харагдаж байгаа. УИХ-ын сонгууль энэ оны 11 сард явагдах ч бай, 2020 оны 6 сард өрнөх ч бай хамаагүй, АН-ын сонгуулийн гол зэвсэг нь нь “60 тэрбум” юм байна.
Энэхүү “цөмийн бөмбөг” чангаран чангарсаар Ерөнхийлөгчийн туйлын мөрөөдөл болоод байгаа МАН-ыг газрын хөрснөөс арчих төлөвлөгөө болон хэрэгжих нь. Үүний хариуцлагыг даган намирч, бүх эрх мэдлийг атгуулсан У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар хүлээх болж байна даа.