СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

FACTCHECK: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг 1994 онд хувьчилсан нь

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Дөчин жилийн баялаг түүх намтартай уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг одоогоос 25 жилийн өмнө буюу 1994 онд Оросууд хувьчилсан хийгээд үүнтэй холбоотойгоор Монголд бий болсон улс төрийн дуулиантай үйл явдлуудыг пакт чек нэвтрүүлгийнхээ ээлжит дугаараар тоймлон хүргэж байна.

1994 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Елцины зарлигаар батлагдсан өмч хувьчлалын хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын засгийн газар, ТӨХ-ны шийдвэрээр Зарубежцветмет хэмээн улсын үйлдвэрийнхээ 51 хувийг хувьчлах шийдвэр гаргажээ.

Москва хотод 1994.03.24-ны өдөр болсон Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн 22 дугаар хуралдаанд Монголын талыг тэргүүлж ЭХГУУЯ-ны /Эрчим хүч геологи уул уурхайн яам/ дэд сайд Д.Амгалан оролцов. Уг хурлын үеэр Эрдэнэтийн 49 хувийг хувьчлах гэж буй гэдгээ Оросууд албан ёсоор мэдэгджээ. Хувьчлалыг хийх болсон шалтгаан, эрх зүйн актуудын талаар хурлын протоколд тэмдэглэж, Оросын Монголын Удирдах албан тушаалтнууд гарын үсгээ зурцгаажээ.

Уг уулзалтаас хойш гурван сарын дараа Оросууд Эрдэнэт үйлдвэрийн өөрийн эзэмшлийн 49 хувиа хувьчлах ажлыг шуурхай явуулж эхэлсэн бөгөөд ОХУ-ын Засгийн газар 1994 оны зургадугаар сарын 21-ний өдрийн 955 тоот захирамжаараа Оросын Металлургийн яамны харьяа, хилийн чанадад өнгөт металлургийн үйлдвэр барьж ашиглах бүх холбоотын нэгдэл “Зарубежцветмет” хэмээх  улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулж, улмаар хувьчлах шийдвэр гарган, уг хувьчлалыг зохион явуулахыг ОХУ-ын Төрийн эд хөрөнгө эрхлэх улсын хороонд даалгасан захирамж гаргажээ.

ОХУ-ын Засгийн газрын захирамж гарснаас ердөө 3 хоногийн дараа “Зарубежцветмет” нэгдлийг хувьчлах төлөвлөгөөг баталж, Уг төлөвлөгөөний 2.10-ын 12 ба 13 дугаарт “Эрдэнэт", “Монросцветмет” гэсэн хамтарсан хоёр үйлдвэрийн Оросын талд ногдох хэсгийг хаалттай, нээлттэй хувьцаагаар, өөрөөр хэлбэл ажиллагсад болон хамт олонд болон бусад этгээдэд худалдахаар болжээ.

Оросууд Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн өөрт ногдох 49 хувиа ийнхүү хувьчилсан нь Орос Монголын Засгийн газрын хоорондын 1991 оны Хэлэлцээрийн 21 дүгээр зүйлд “Хэлэлцэн тохирогч тал тус бүр Эрдэнэт үйлдвэр болон Монголросцветмет нэгдлийн өөр ногдох хувийг зарах юм уу хувьчлах тохиолдолд нөгөө талд худалдан авах давуу эрхийг эхэлж олгоно” хэмээн заасан байдаг.

Гэвч ОХУ-ын Орос Монголын Засгийн газрын хоорондын 1991 оны Хэлэлцээрийг илт зөрчиж, өөрт ногдох 49 хувиа хувьчилсан тухайгаа 1994 оны наймдугаар сарын 8-нд “Зарубежцветмет” нэгдлийн удирдах хүмүүс монголд ирж ЭХГУУЯ-ны сайд Б.Жигжид, Сангийн сайд Д.Даваасамбуу, Худалдаа үйлдвэрийн сайд Ц.Цогт, Үндэсний хөгжлийн газрын дарга Ч.Улаан, өмч хувьчлалын комиссын дарга Л.Энэбиш нарт Эрдэнэт үйлдвэрийн оросын талын оролцогчийг 240,000 ам.доллараар хувьчилсан тухай албан ёсны мэдээллийг албан ёсоор танилцуулжээ.

Хамгийн хачирхалтай нь Монгол-Оросын хамтарсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн өөрт ноогдох 49 хувиа Оросууд хувьчилсан гэх мэдээг  П.Жасрайн тэргүүлсэн засгийн газар цочир сонин байдлаар хүлээн авсангүй.

Яагаад гэхээр тухайн үед Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан П.Жасрай ОХУ Эрдэнэт үйлдвэрийн өөрт ногдох 49 хувиа хувьчилсан гэж огт бодоогүй, харин Оросын тал Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хариуцан ажиллах өөрийн оролцогчоо өөрчилсөн хэмээн ойлгосон байна. Энэ тухайгаа Зууны мэдээ сонинд 1999.07.21-ний өдөр өгсөн ярилцлагадаа маш тодорхой хэлсэн байдаг юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.