ЦЕГ-ын мэдээлж буйгаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн гаралт жилээс жилд нэмэгдсээр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, гэмт хэргийн гаралт өнгөрсөн жилийнхээс 32 хувиар, холбогдогч нарын тоо 21 хувиар өсчээ. Үүнд, нийгмийг соён гэгээрүүлж, үлгэрлэн манлайлах ёстой урлаг, соёлын одод, олны танил хүмүүс холбогдох болсон нь нөлөөлж буй биз. Өнгөрөгч долоо хоногт гэхэд, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн уг асуудлын талаар “Comedy lab” клубын комедиан Д.Амартүвшин өөрийн цахим хуудаснаа “Өвс татахыг нь зөвшөөрөөч” гэх агуулга бүхий байр суурь илэрхийллээ.
Улс орон нь хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой нийтээрээ тэмцэхээр аян эхлүүлж, залуусын сэтгэлгээнд эерэгээр нөлөөлөхөөр хичээж буй энэ үед залууст үлгэр дууриалал болох ёстой олны танил эрхэм ийн бичсэн нь өвс татдаг хүүхдүүдийг өөгшүүлсэн, уруу татсан явдал болоод байна. Гэвч комедиан Д.Амартүвшин үүнийгээ бахархал мэт үзэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдлаа гэх утгатай пост оруулжээ. Үүгээр ч зогсохгүй, “Нүцгэлээд нэгжлэг хийсэн, мэдүүлэг авсан, шээсний шинжилгээ авсан” гэж жиргэсэн байх юм. Хар тамхитай тэмцэх тухай хууль журамд энэ мэтээр сурталчилсан залууст ямар хариуцлага тооцох тухай хуулийн заалт алга.
Мөн үүнтэй зэрэгцээд дуучин Б.Амархүү автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Энэ талаар албаны хүнээс тодруулахад үнэн гэсэн мэдээлэл өгсөн бөгөөд түүнийг ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байгаа аж. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан аж. Энэ талаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас тодруулахад “ Б.Амархүү нь 2019 оны есдүгээр сарын 19-ны 00.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн, хадгалсан байдалтай баривчлагдсан. Одоогоор хураагдсан бодис, биологийн дээж (шээс) ШШҮХ-д хүргэгдсэн, шинжилгээ хийгдэж байна. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна, илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
Уг нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Гэтэл дуучин Б.Амархүү болоод комедиан Д.Амартүвшин нарт зохих ёсоор хариуцлага тооцохгүй бол хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, таслан зогсоох ажил ёроолгүй савыг дүүргэхтэй адил болох нь ээ.