Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дэх удаагийн чуулга уулзалтад оролцохоор АНУ-д урт хугацааны буюу долоо хоногийн хугацаатай айлчлалаа эхлүүлсэн. Гадны зочин төлөөлөгчдийг ирэхэд тун ховорхон зохион байгуулдаг олон нийтийн цуглааныг Энэтхэгийн Ерөнхий сайдад зориулж Техаст хийжээ.
Хьюстон хотын NRG цэнгэлдэх хүрээлэн дэх “Howdy, Modi!” арга хэмжээнд 50,000 иргэн оролцсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уг үйл явдлыг түүхэн арга хэмжээ хэмээн сайшааж магтжээ. 90 минутын турш үргэлжилсэн шоу цэнгээний үеэр 400 орчим урлагийн үзүүлбэр тоглолт болсон нь гадны удирдагчийг угтаж авахад тэр бүр тохиолддоггүй ховор хүлээн авалт юм.
Цэнгэлдэх хүрээлэнд цугласан олон мянган үзэгчийн өмнө хэлсэн үгэндээ Трамп “Америкийн хамгийн агуу, найдвартай, үнэнч, дотно нөхдийн нэг Энэтхэгийн Ерөнхий сайд Модитой Техаст байгаадаа маш их сэтгэл хөдөлж байна” гэжээ. Харин Ерөнхий сайд Моди “Цагаан ордон дахь жинхэнэ найз минь одоогийн Ерөнхийлөгч юм. Ерөнхийлөгч Трамп бол халуун дулаан, нөхөрсөг, эрч хүчтэй, ойр дотно, оюун ухаан төгөлдөр хүн юм” гэжээ.
Олон улсын ажиглагчдын зүгээс “Howdy, Modi!” арга хэмжээг Америк болон Энэтхэг улсуудын хувьд аль алинд нь харилцан ашигтай буюу win-win байж чадсан шилдэг дипломат ажиллагаа хэмээн дүгнэж байна. Трампын хувьд 2020 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд Энэтхэг гаралтай Америк иргэдийн саналыг татах арга бол Модигийн хувьд АНУ-ын төрийн тэргүүнтэй дотно дүр зураг харуулснаар дотоодын цэрэг армийн хүчийг хэт нэмэгдүүлж байна гэсэн шүүмжлэлээс бултахад тусална гэж харжээ.
Нарендра Модигийн Америкт хийх урт хугацааны айлчлалын гол сэдэв НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаас гадна худалдааны гэрээ хэлэлцээр байх юм. НҮБ-ын гишүүн орнуудын өмнө Нарендра Моди Кашмирын асуудлаас болж шүүмжлэлд өртөж магадгүй. Энэтхэг, Америк улсуудад хилийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах нийтлэг эрх ашгийн сонирхол байгааг эх сурвалжид дурджээ.
Эх сурвалж: www.bbc.com