Яг 10 хоногийн өмнө мэргэжлийн сумогийн 70 дахь аварга “Харүмафүжи” гэх нэрээрэ Токио хотноо хамгийн сүүлийн удаа хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Зодог тайлсан одоогийн сэтгэл ямар байна вэ?
18 жил маш хурдан өнгөрсөн. Харамсах зүйлгүй 18 жил байлаа гэдгээ дахин мэдэрлээ. Хар салхи дөхөж, цаг агаар муу байсан ч олон хүн хүрэлцэн ирсэнд их баяртай байна.
-Олон хүний өмнө гаралгүй удсан байсан биз дээ?
Сумо бол үнэхээр гайхамшигтай юм гэж бодсон. Үзэгчдийг баярлуулахаар барилдах гэж би өнөөдрийг хүртэл хичээж ирсэн. Өнөөдөр гурван ёкозүна хамт дохёнд гарах ёслол үйлдэх боломж гарсанд үнэхээ их талархаж байна.
-400 гаруй хүн таны үсэнд хайч хүргэлээ. Юу мэдрэв, сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл юу байв?
Сумо бөхийн ачаар маш олон гайхамшигтай хүнтэй танилцсан. Тэдний сургаал дэмжлэгийн ачаар би өдий зэрэгт хүрсэн билээ. Хайч хүргэсэн хүн бүртэй хэрхэн учирч, танилцаж байснаа эргэн дурсаж, талархан сууж байлаа.
-Хайч хүргэж байх үед нулимс унагамаар санагдсан үе байв уу?
Зөндөө байсан.
-Нулимс дусаасан уу?
Үгүй. Аливаа зүйл эхэлбэл хэзээ нэгэн цагт төгсгөл ирдэг нь жам. Залуу цагт бурхнаас хүч чадал гэдэг зүйл хүлээн аваад цаг нь ирэхээр буцааж өгдөг шүү дээ. Тиймээс маш их талархсан шүү гээд бурханд буцаан өглөө гэж бодож байгаа. Нэг дуусахад өөр нэг зам нээгддэг. Хоёр дахь амьдрал эхэлж байхад уйлж болохгүй. Цээжинд байгаа талархлын сэтгэлээ бүх хүнд, та бүгдэд инээмсэглэл дүүрэн дамжуулья гэж хүссэн.
-Дохёнд гарах ёслолоо сүүлийн удаа хийлээ?
-Хоёр аваргатай хамт хийгээд сэтгэл их хөдөлллөө. Ёслолын хөл дэвсэх шиког үзэх гэж ирсэн үзэгчид, хөгжөөн дэмжигчид өвчин тусалгүй эрүүл энх байхыг хүсэн ерөөж хийсэн. Их аварга надад зориулан цаг гаргасанд баяртай байгаа.
-Бэлтгэл хийсэн үү?
-Онцгой зүйл хийгээгүй. Ёслол гээд маш завгүй байлаа. Одоо 130 кг жинтэй нэг их хасаагүй байгаа.
-Шинэ стиль чинь хэр таалагдаж байна вэ?
Анх удаа болохоор сайн мэдэхгүй л байна. Цаашдаа ямар стиль зохих вэ гэдгээ ойлгож мэдэх болов уу.
-Толгой хөнгөхөн болов уу?
Одоохондоо сайн мэдэхгүй байна.
-Цаашдын амьдарлын төлөвлөгөө?
18 жил сумогоор л амьдарч ирсэн тул юуны өмнө сайхан амарч, хаашаа ч юм гадаад оронд очмоор байна. Дэлхийг тойрон аялж, олон зүйл сурмаар байна. Сумогоос өөр зүйл мэдэхгүй учраас ирэх жил гэхэд шинэ мөрөөдөлтэйгээ учраад, биелүүлэхээр хичээн зүтгэж байх хүсэлтэй.
-Ямар оронд очих бол?
Эртний түүхтэй оронд очих хүсэлтэй байна. Европ, Азийн орнууд, Энэтхэг гээд л. Маш олон орон байна. Шинэ ертөнцийн талаар хичээл хийж, шинийг сурмаар байна. Гэхдээ гадаадын сургуульд орох биш аялаж зуучлах маягаар. Би ер нь аялж байгаагүй. Анхны аяллаа хаашаа хийх вэ гээд л бодоод л.
-Дохёгоо үнссэн?
-Дохё байгаа болохоор сүмо оршин тогтнож байгаа. Бөх сонирхогчид байгаа болохоор сүмо бөх буй. Ингэж бодоод талархлын үг шивнэнгээ дохёгоо үнссэн.
-Сэтгэлд хамгийн тод үлдсэн барилдаан?
-Жононкүчид түрүүлсэн барилдаан. Маш их баярлаж байснаа одоо ч мартдаггүй. Гэр рүүгээ утсаар яриад л.... Дараа нь хамгийн сүүлийн түрүүгээ нэрлэмээр байна.
-Цаашдаа сүмо бөхтэй ямар нэгэн холбоотой зүйл хийх үү?
Та бүхэн мэдэж байгаа байх, би Монголд “Харүмафүжи Шинэ Монгол сургууль байгуулсан. Манай сургууль манлайлагч төрүүлэн гаргах зорилго тавиагүй. Харин “Өглөөний мэнд”, “Танд талархлаа", “Баярлалаа” гэсэн япон мэндчилгээний үг, ах дүүгийн харилцааны талаар заана. Ингэснээр сурагчид маань Япон оронд илүү дотно болно гэж бодож байгаа. Хүнд амьдарлын хоёр зам байдаг гэж боддог. Нэг нь толгойгоо ашиглах, нөгөө нь бие ашиглах. Сургуульдаа сүмо, жүдо, кэндо, чөлөөт бөх, үндэсний бөхийн хичээл заана. Мөн төгсөгчдөө том их сургуулиудад оруулж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэнэ. Ирээдүйд манай сургуулиас мэргэжлийн сүмод орох хүүхэд гарвал их баярлана.
-Цаашдаа Япон, Монголд ээлжлэн амьдрах уу?
Одоохондоо мэдэхгүй юм. Зодог тайлж шинэ амьдрал эхэлж байна. Хүн хичээн зүтгэн хөдөлмөрлөвөл шинэ зам гарч ирэх болно.
-Та барилдаж байхдаа их гэмтэж байсан. Тулалдаж, тэмцэлдэхээ болиод ямархуу байна вэ?
Зодог тайлсан хойно гэмтлийн нөлөө уршиг маш их мэдэгдэж байгаа. Булчин сулраад ирсэн болохоор хуучин гэмтлүүд өвдөх юм. Дасгал сургуулилалтаа хийхгүй бол болохгүй гэж бодож байгаа. Хоёр хөлний шөрмөс тасарч, өвдөг нуруу гээд л хамаг бие гэмтэл. Бага багаар дасгалаа хийнгээ, биеэ бодож, амьдарна гэж бодож байгаа.
-Харамсах зүйл байхгүй юу?
Байхгүй. Хэлэх үгээ нэлээд бэлтгэсэн. Гэхдээ хэлэх үг бараг байхгүй байлаа. Ингэх байсан юм ийм юм дутуу байлаа гэх зүйл нэг ч байхгүй. Үнэхээр бүх зүйлд талархаж байгаа дахин дахин хэлмээр байна.
-Бөхийн хорхойтнууд танай барилдааныг дахиад үзэх хүсэл их байсан байх?
-Барилдаж байхад маш их гэмтэж байсан. Магадгүй би хэт их хичээсэн ч байж болох юм. Энэ утгаараа үнэхээр хангалтай их барилдсан. Та бүхэнд баярлалаа.
Б.Мөнхзул