Сарын дараа болох сонгуульд улиран сонгогдохоор бэлтгэж буй Канад улсын Ерөнхий сайд Жастин Трюдо арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үйлдэл гаргаж байсныг гэрчлэх зураг энэ долоо хоногийн эхэнд олдож шуугиан тарьсан. Ерөнхий сайд өөрийн хийсэн үйлдэлдээ гүнээ хүлцэл өчсөн боловч тэрээр нүүрээ бороор будаж өнгөт арьстны дүрд хувирсан гурав дахь зураг нь олджээ.
Энэ удаад Трюдо дахин уучлалт гуйж амьдралынхаа туршид хичнээн удаа арьс өнгөөр ялгаварласан будалт хийлгэснээ мэдэхгүй байна гэжээ. “Арьсны өнгөө өөрчилж, өнгөт арьстнуудыг доромжилно гэдэг хэзээд байж боломгүй үйлдэл, би үүнийг эрт ойлгож хэзээ ч ийм үйлдэл хийх ёсгүй байсан юм. Маш их харамсаж байна” хэмээн дахин мэдэгдэл хийсэн байна.
Тime сэтгүүлээс анхлан нийтэлсэн зургийг Трюдо 2001 онд Арабын шөнүүд сэдэвтэй Коллежийн арга хэмжээний үеэр авахуулсан байсан бол пүрэв гарагт Global News-ын нийтэлсэн бичлэгт 1993-1994 оны үед нүүр царайгаа бор өнгөөр будаж өнгөт арьстнуудын дүрд хувирсан байжээ. Түүнчлэн ахлах сургуульд байхдаа авьяастнуудын шоунд оролцох үеэр Ямайкын O Day үндэсний дууг дуулахдаа Канад улсын ирээдүйн Ерөнхий сайд нүүрээ бороор будсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Сонгууль болохоос ердөө сарын өмнө олон нийтийн ундууцлыг төрүүлсэн мэдээлэл гарч байгаа нь түүний өрсөлдөгчдөд Ерөнхий сайдыг шүүмжлэх олзуурхууштай боломжийг олгож байна.
Эх сурвалж: www.cnn.com