АНУ-ын Төрийн Нарийн бичгийн дарга Майк Помпео өнгөрсөн амралтын өдөр Умард Солонгост айлчилж Ким Жон Унтай уулзсан. Уулзалтын үеэр Умардын удирдагч хар өнгийн Rolls Royce хөлөглөж ирсэн байна.
Умард Солонгосын нөхцөл байдлыг нүд салгалгүй ажиглаж суудаг шинжээчид машины логог хараад тансаг зэрэглэлийн үнэтэй унаа гэдгийг олж мэджээ. Ким удирдагч ихэвчлэн Мерседесийн лимузин хөлөглөж олон нийтийн өмнө харагддаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй хийсэн дээд хэмжээний уулзалтан дээр ч мөн лимузинээ унасан байжээ. Мерседес Maybach Pullman Guard тоноглолтой лимузин нь ойролцоогоор сая долларын үнэтэй.
Шинжээчид Ким Жон Уны энэ мэт үнэтэй унаанууд НҮБ-ын тогтоосон хоригийг зөрчсөн үйлдэл байж магадгүй хэмээн эргэлзэж байгаа юм. НҮБ-аас Умард Солонгосын Засгийн газарт тансаг хэрэглээний бүтээгдэхүүн, автомашинууд худалдахыг хориглосон. Пхеньяны зүгээс цөмийн зэвсгийн хөтөлбөрөө бүрэн зогсоох хүртэл АНУ эдийн засгийн хатуу чанга хоригоо цуцлахгүй гэдгээ мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: www.cnn.com