СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хаалгаар гараад, тооноор орж ирэгсэд

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Одоогоос нэг жил гаруйн өмнө буюу 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар болон холбогдох албан тушаалтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарч байлаа.

Энэхүү аймшигт хэргийн дөнгөж өмнөхөн түүхт 80 жилийнхээ ойг нүсэр тэмдэглээд байсан УБТЗ ХНН-ийн галт тэрэг замаасаа гаран осолдсоны улмаас олон хүн гэмтэж, олон арван тэрбум төгрөгийн хохирол улсад  учраад байв.

Араасаа араасаа цувран үргэлжилсэн алдаа завхарлын хариуцлагыг хүлээж, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар өөрийнхөө хүсэлтээр огцорсон нь зүй ёсны асуудал байлаа. Мөн ажлын байран дээрээ архидан согтуурч, нэг нь нөгөөгийнхөө амь насыг хөнөөж байхад нь хараад зогсож байсан, алуурчин Б.Махбалд хоол архи зөөн үйлчилж байсан гэх хүмүүсийг ч ажлаас нь халсан нь хариуцлага ёс зүйн асуудал байв.

Гэвч Монголын төрд шалз, хувалж мэт наалдаж, хаалгаар гарсан ч тооноор нь буцан орж ирдэг айхтар бүлэглэл Зам тээврийн хөгжлийн яаманд байсаар байгаа нь хачирхалтай.

Сайдаас огцроод зөвлөхөөр эргэн ирсэн Б.Цогтгэрэл

Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл аллага гарснаас хойш хоёр хоногийн дараа буюу 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр “Дэд сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе. Чадах чинээгээрээ хичээж ажиллалаа. Надад итгэж дэмжиж ирсэн гэр бүл, журмын нөхөд, шүүмжлэгчиддээ баярлалаа” хэмээн өөрийнхөө албан ёсны цахим хуудсаараа жиргэсэн нь олон нийтийн талархал дэмжлэгийг хүлээж байв.

Гэвч түүнд Сахал Ж.Бат-Эрдэнийх шиг жудаг, эр хүний ноён нуруу байхгүй болох нь эцсийн мөчид тодорхой болсон юм. Тэрбээр ажлаа хүлээлгэн өгснийхөө дараа гараа даллаж, малийтал инээсэн зургийнхаа дор “Нас минь залуу, дэлхий ертөнц уужим. Хариуцлага, ёс зүйтэй төрийн төлөө ажиллах болноо” гэсэн жиргээ оруулж, олон нийтийн бухимдал дургүйцлийг туйлд нь хүргэж байсныг доорх жиргээнүүдээс харж болно.

Б.Цогтгэрэл хариуцлага, ёс зүй гэж юу байдгийг, ямар учиртайг мэддэггүй бололтой. Тэрбээр дэд сайдаас огцорсон ч Зам тээврийн хөгжлийн дараагийн сайдаар Б.Энх-Амгаланг томилогдонгуут орон тооны бус зөвлөх гэх сэтэртэйгээр эргэн иржээ. Ирэх ирэхдээ бүр албан тушаалын ангилал зэрэглэлийн дагуу ЗТХ-ийн Дэд сайдад оногдох ёстой “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга гэх өндөр албан тушаалдаа хэвээр үлдээсэн байгаа нь анхаарал татдаг.

“Шилэн Цогоо” гэх сэтэр гуншинтайгаар олон танигдаж байсан Б.Цогтгэрэл 2016 онд Зам тээврийн хөгжлийн сайдад өөрийнхөө нэрийг дэвшүүлэхдээ “Миний бие Иргэний нисэх, МИАТ, Төмөр замыг шилэн болгож, замын болон бусад тендерүүдийг шилэн байлгаж, найрсаг хөнгөн шуурхай үйлчилгээтэй, ил тод хүнд сурталгүй, нээлттэй байлгахыг та бүхэн амлаж байна” хэмээсэн боловч хэлсэндээ огт хүрээгүйгээр үл барам, хамгийн хаалттай, хамгийн бузар булай, хамгийн хүнд сурталтай, үжирсэн өмхийрсөн байгууллага болгон хувиргасныг та бид хангалттай харж байгаа билээ.

Аллагын гэрч, авлигын сэжигтэн Д.Доржханд

Зам тээврийн хөгжлийн яаманд аллага болсон орой архидан согтуурсан олон хүний дунд Д.Доржханд гэх энэ эмэгтэй хамт байлцжээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ зам тээврийн хөгжлийн яаманд 20 жилийн турш ховхрохгүйгээр ажилласан гэх энэ эмэгтэйг ажил үүрэгтээ тэнцэхгүй хэмээн ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалаас нь чөлөөлж байжээ. Гэвч тэрбээр хаалгаар зүгээр нэг гараад явчихсангүй. Ж.Бат-Эрдэнэ сайдыг албан тушаалаас нь огцруулах аймшигтай галыг өрдөхөд оролцоод дараагийн сайдаар Б.Энх-Амгаланг томилогдонгуут өмнөх албан тушаалдаа эргэн томилогджээ.

ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар өдгөө ч ажиллаж байгаа энэ эмэгтэйг аллага болсноос хойш яг нэг жил, нэг сарын дараа буюу энэ есөн сарын 9-10-нд шилжих шөнө АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд хойшлуулашгүйгээр дайчлан баривчилж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нэг сар үргэлжлүүлэн хорьж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргаад байгаа.

АТГ-т бангадуулж, ажлаасаа халагдсан ч эргэн ирсэн Б.Артур

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТХЯ-нд яаманд болсон аллагын дараа тус яамны Сайд, Дэд сайдад ёс зүйн хариуцлага ногдуулж, архидан согтуурахад оролцсон газрын дарга нар болон холбогдох мэргэжилтнүүдэд ажлын хариуцлага тооцож, чөлөөлж буйгаа албан ёсоор зарлаж байсан.

Наймдугаар сарын 09-ний шөнө ЗТХЯ-нд болсон архидалтын дунд байсан гэх тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артурыг тухайн үед ажлаас чөлөөлсөн боловч тэрбээр мөн л эргэн томилогджээ.

Нийтдээ 850 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууц, ланд круйзер – 200 автомашин, 120 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэл, “Бээжин хангарьд импорт экспорт” ХХК, “Хангаруда интернэйшнл” ХХК, Хитинг соурс ХХК, “Ногоон хаш” нөхөрлөл, Апгрейд ХХК,  Пэпэр уан монголиа ХХК-ийн 30-100 хувийн хувьцааг эзэмшдэг энэ чинээлэг нөхөр ЗТХЯ руу эргэж, хоргодон дайраад байгаагийн шалтгаан нөхцөлийг үнэхээр ойлгож чадахгүй байна.

Аллагын гэрч, архидалтад байлцсан хэмээн ажлаасаа чөлөөлөгдөж байсан Б.Артур нь 2018 оны тавдугаар сард өөрийнхөө болон гэр бүлийнхээ хөрөнгө орлогыг үнэн зөв мэдүүлээгүй нь АТГ-аас хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар тогтоогдож, түүнд сахилгын шийтгэл оногдуулаад орхиж байжээ.

Эцэст нь хэлэхэд ажлын байран дээрээ харамсалтайгаар хөнөөгдсөн Т.Гомбосүрэн агсны амь насны хариуцлагыг бодитойгоор хэн ч хүлээгүй нь одоо л тодорхой болж байна.

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.