Европын Холбооноос өрх тусгаарлахын тулд багагүй саад бэрхшээлтэй тулгарч яваа Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Люксембург улсад айлчилсан юм. Айлчлалынхаа хүрээнд Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкертэй үдийн зоог барьсны дараа Люксембургийн Ерөнхий сайд Ксавье Беттелийн хамт хэвлэлийн бага хуралд оролцох ёстой байсан боловч ирсэнгүй.
Борис Жонсоны зогсох ёстой байсан эзгүй индрийн дэргэд ганцаараа хэвлэлийн хурал хийсэн Ерөнхий сайд Беттель хүндэтгэлгүй хандсан зочноо зэмлэн буруутгасан байна. Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайдын өргөөний гадаа олон нийт цуглаж “Брекситийг болиул”, “Борисыг зогсоо” гэх зэргээр уриалан жагсчээ. Их Британийн Ерөнхий сайд Люксембург улсад амьдарч байгаа иргэдийнхээ эсэргүүцэлтэй нүүр тулахаас зайлсхийсэн бололтой.
Люксембургийн Ерөнхий сайд Беттель Их Британийн Ерөнхий сайдыг Incredible Hulk-тай зүйрлэж түүний санаачилсан Брекситийн төлөвлөгөөнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Мөн Европын Парламентад Брекситийг хариуцан ажиллаж буй төлөөлөгч Гай Верхофстадт хоосон индэртэй хэвлэлийн бага хурлын зургийг Твиттерт жиргэж “Incredible Hulk-аас Incredible Sulk болон хувирчээ” хэмээн тохуурхсан байна.
Эх сурвалж: www.theguardian.com