Америкийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч Женерал Моторс компанийн 50,000 орчим ажилтан даваа гарагийн шөнө дундаас хоёр хоногийн хугацаатай ажил хаяхаар болжээ. Энэ нь 2007 оноос хойш тус компани ажилчдын хамгийн том эсэргүүцэлтэй тулгарч буй явдал юм.
Авто салбарын ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл, компанийн удирдлага цалин болоод ажиллах орчин нөхцөл сайжруулах тохиролцоонд бямба гарагийн шөнө гэхэд хүрэх ёстой байсан боловч бүтэлгүйтжээ. Тус үйлдвэрчний эвлэлийн дэд Ерөнхийлөгч Терри Диттес эцсээ хүртэл тэмцэхээ мэдэгдсэн байна.
Женерал Моторсын 50,000 орчим ажилтан хоёр хоногийн турш ажил хаяхад 300 сая ам.долларын алдагдал хүлээнэ гэж тооцжээ. Авто салбарын ажилчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл болон компани хооронд байгуулсан дөрвөн жилийн гэрээний хугацаа өнгөрсөн амралтын өдөр дууссан боловч цалин, эрүүл мэндийн үйлчилгээ, ашгийн хувь, ажлын байран дээрх аюулгүй байдал зэрэг хэд хэдэн асуудалд тохиролцоонд хүрээгүй байна.
Женерал Моторс компанийн борлуулалт буурсан төдийгүй цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулснаар зардал нэмэгдэж байгаа энэ үед ажилчдын шаардлагыг биелүүлэхэд амаргүй гэж ажиглагчид үзжээ.
Эх сурвалж: www.bbc.com