Уэльсийн иргэн, регбигийн домогт тамирчдын нэг байсан Гарет Томас ХДХВ/ДОХ-ын халдвар авсан гэдгээ олон нийтэд зарлаж, түүний өвчнийг тойрсон хүнд хэцүү дарамтаас гарахад тусламж хүссэн байна. Тэрээр үхлийн аюултай аймшигт тахал туссан гэдгээ амьд ахуй цагтаа олон нийтээс нуулгүй зарласан Британийн анхны нэр хүндтэй, регбигийн тамирчин юм.
Үүгээр ч зогсохгүй Томас 2009 онд ижил хүйстнээ сонирхогч гэдгээ зарласан мэргэжлийн регби спортын анхны тоглогч болж байсан билээ. British Lions багийн ахлагч байсан 45 настай тамирчинд эрүүл мэндийнх нь талаар урьтаж олон нийтэд зарлана гэсэн сүрдүүлэг иржээ. Тиймээс тэвчээр хатуужилтай тамирчны үүднээс өөрийн биеэр зориг гарган зарлахаар шийдсэн гэдгээ мэдэгдсэн байна.
Твиттер хуудастаа нийтэлсэн бичлэгтээ “Сайн байна уу, би Гарет Томас байна. Би та бүхэнтэй өөрийн нууцаа хуваалцах гэсэн юм. Яагаад гэвэл энэ миний нууц учраас та бүхэнд хэн нэг өөдгүй хорон санаатнуудаас урьтаж өөрийн биеэр хэлэх ёстой. Та нарт итгэж, найдаж байна. Би ДОХ-өөр өвдсөн. Үүнийг хэлснээр надад аймшигтай хэцүү байх ч намайг сул дорой болгохгүй. Эдгэшгүй өвчнөөр өвдөж бусад хүмүүс юу гэх бол, хэрхэн хандах бол гэдгээс айж эмээн амьдарч байгаа хүн бүрийн бодлыг өөрчлөхөд надад туслаач хэмээн та бүгдээс хүсч байна” гэжээ.
Sunday Mirror сонинд өгсөн ярилцлагадаа олон жил ХДХВ тээснээ нууж амьдрах маш хэцүү байсан төдийгүй анх удаа эерэг онош сонсоод амиа егүүтгэх талаар бодож байсан гэжээ.
Регбигийн домогт тамирчин асан Томас нийт 103 удаа багаа ялалтад хүргэж, 1995-2007 оны хооронд 41 удаа Уэльсчүүдийн тогтоосон амжилтыг эвдсэн байна. Олон улсын тавцанд чансаагаараа 13 дугаарт бичигдэж байжээ. Тэрээр 2002 онд эхнэр Жемматайгаа гэрлэсэн боловч 2009 онд ижил хүйстнээ сонирхогч гэдгээ зарлахаасаа өмнө гэр бүлээ цуцлуулсан байна. Дараа нь хамтрагч Стефентэйгээ гэрлэсэн ба тэрээр гурван жилийн өмнө нас баржээ.
Эх сурвалж: www.cnn.com