Олон улсын Ардчиллын өдөр 09-р сарын 15-нд тохионо. Энэ өдрийг манай улс анх удаа улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Улс оронд Ардчилал бий эсэхийг олон хэмжүүр, шалгуур үзүүлэлтээр тогтоож болох бөгөөд манай улс Ардчиллаа алдаж байна судлаач, шүүмжлэгч, улс төрийн хүрээнийхэн ч дүгнэж байгаа билээ. Тэр дундаа манай улсад Байгаль орчны ардчилал үгүйлэгдэж байгааг байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаач, иргэний нийгмийнхэн үзэж байна. Индонези улсад зохион байгуулагдсан НҮБ-ын Ассамблейн хурлын үеэр анх удаа байгаль орчны ардчиллыг бэхжүүлэх асуудал хөндөгдсөн байдаг. Улмаар тухайн улс оронд байгаль орчны ардчилал ямар түвшинд төлөвшиж байгааг үнэлж, дүгнээд дэлхий нийтэд мэдээлдэг болсон юм.
Аливаа улс оронд Байгаль орчны ардчилалыг гурван үзүүлэлтээр хэмждэг байна.
1. Байгаль орчны талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод байна уу?
2. Байгаль орчны талаар гаргаж буй төрийн шийдвэрт иргэд, олон нийтийг оролцуулж байна уу?
3. Байгаль орчны эрх нь зөрчигдсөн иргэд шүүхээр эрхээ сэргээлгэж чадаж байна уу?
Дээрх гурван шалгуур үзүүлэлтийн аль нь ч манай улсад бүрэн, дүүрэн хэрэгжихгүй байгааг хэлж байна. Байгаль орчны ардчилал манайд үгүйлэгдэж байгааг доорх тоон мэдээллээс харж болно.
Манай улсад өнөөдрийн байдлаар 1100 байршилд 27405 га газар эвдэрч сүйдсэн байна. Түүний 8,8 мянган га газар буюу уул, ус, мод хамрах газар эзэн холбогдогч нь олдохгүй эвдэрч сүйджээ.
Гэвч эдгээр эвдэгдсэн газруудыг нөхөн сэргээхэд эхний ээлжинд 540 тэрбум төгрөг шаардагдах тооцоог БОАЖЯ хийсэн байна. Ингэж байгалийн нөөцийг маш их хэмжээгээр зүй зохисгүй ашиглах шийдвэрүүд гаргахдаа иргэд олон нийтийн саналыг авалгүйгээр тэдний эрх ашгийг цаг ямагт хөндөж буй жишээг хэдэн зуугаар нь дурдаж болно.
Иймд хариуцлагагүй, замбараагүй уул уурхай үйл ажиллагаа явуулж байгаа энэ цаг үед байгаль орчны ардчиллыг бэхжүүлэх нь онцгой ач холбогдолтой байгааг салбарынхан анхааруулж байна.