Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас Говь-Алтай аймагт хуваарилсан, нэн хөнгөлттэй ангилалд багтах жилийн ердөө хоёрхон хувийн хүүтэй зээлийг, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Лхагважавын Батжаргал өөрийнхөө эзэмшдэг компанидаа авчээ.
Монголын Улсын Засгийн газар Атрын гуравдугаар аяныг эхлүүлсэнтэй холбогдуулан уналтад ороод байсан газар тариалангийн салбараа өргөж босгохын тулд 2005 оноос эхлэн тариалан эрхлэгчдэд нэн хөнгөлттэй зээлийг олгож эхэлсэн байдаг.
Тус сангаас 2005-2018 оны хооронд нийт 585.3 тэрбум төгрөгийн дэмжлэгийг хүнсний буудай, үрийн буудай, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, шатахуун зэргээр тариалан эрхлэгч иргэд, ААН-үүдэд олгож байжээ.
Гэвч энэхүү нэн хөнгөлттэй зээл улстөрчид, авлигач түшмэдийн хараанд өртсөний улмаас жинхэнэ газар тариалан эрхлэгчдэд олдохоо больсон бөгөөд харин төрийн эрхэнд гарсан бузар луйварчдын халаас руу цутгадаг болсон нь харамсалтай.
БАРИМТ 1
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал В.Үнэнбат 2019 оны тавдугаар сарын 09-ний өдөр УСТ-2019/005 дугаартай “Усалгааны тоног төхөөрөмж, усалгааны хоолой дамжуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэгчийг баталжээ.
Уг гэрээнд Тариалан эрхлэлтийг дэмжих санг төлөөөлж Техникийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Бат-Эрдэнэ, зээл авагчийг төлөөлж Говь-алтай аймгийн Цогт сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, Говь-Алтай аймгийн Баянтоорой багт оршин суух хаягтай, “Баянтооройн Бүрд” компанийн гүйцэтгэх захирал Батжаргал овогтой Чоёнжүрмэд гэгч гарын үсэг зуржээ.
Нийтдээ 242,744 ам.доллар буюу тухайн өдрийн Монголбанкны ханшаар 641,434,027.92 /зургаан зуун дөчин нэгэн сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга хорин долоон төгрөг ерэн хоёр мөнгө/-ийг “Баянтооройн Бүрд” хэмээх компани Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 432 га газар болон хуучирч муудсан хэдэн барилгыг барьцаалан зээлээр авсан байдаг юм.
УСТ-2019/005 дугаартай гэрээний хоёрдугаар хавсралтад заасны дагуу эхний гурван жилд зээлийн үндсэн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж, дараагийн есөн жилд зээлээ графикийн дагуу эргэн төлөх хуваарьтай, жилийн хоёрхон хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлийг Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Лхагважавын Батжаргал өөрөө 21 хувийн хувьцааг нь эзэмшдэг, өөрийнх нь төрсөн хүү болох Б.Чоёнжүрмэд гүйцэтгэх захирлаар ажилладаг “Баянтооройн Бүрд” компанидаа авсан байгаа нь харамсалтай.
Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал 2018, 2019 онд АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Баянтооройн Бүрд” ХХК-ийн 74,398 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааных нь 21 хувийг эзэмшдэг хэмээн цагаан дээр хараар бичиж мэдүүлж байжээ.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санд 2023512 регистрийн дугаараар бүртгэгдсэн “Баянтооройн Бүрд” компанийн хувьцаа эзэмшигчдийн дунд ч гэсэн Лхагважавын Батжаргал гэсэн нэр дурайгаад байж байх юм.
Түүнчлэн Говь-Алтай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудасны танилцуулга хэсэгт оруулсан өөрийнхөө албан ёсны намтар танилцуулгадаа Лхагжавын Батжаргал дарга 2000-2018 оныг хүртэл “Баянтооройн Бүрд” компанийн Ерөнхий захирлаар ажилласан хэмээн бахархалтайгаар бичсэн байх ажээ. Тэрбээр Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргаар сонгогдох хүртлээ “Баянтооройн Бүрд” компанийг удирдаж байгаад Говь-Алтай аймгийн хамгийн өндөр албан тушаалд хүрмэгцээ уг компанийнхаа бүх удирдлагыг өөрийнхөө төрсөн хүү болох 1992 онд төрсөн Б.Чоёнжүрмэддээ шилжүүлсэн байх аж.
Говь-Алтай аймагт газар тариалан эрхэлж орон нутагтаа төдийгүй улс орондоо танигдсан цөөнгүй сумд бий. Тухайлбал, Бэгэр, Шарга, Цээл, Алтай, Халиун зэрэг сумдын тариалан эрхлэгчид өөрт нэн шаардлагатай газар тариалангийн тоног төхөөрөмжөө авч чадахгүй байхад тэдний бүх боломжийг аймгийнх нь ИТХ-ын дарга Батжаргал ганцаархнаа авсан байгаа нь үнэхээр ичмээр.
БАРИМТ 2
Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 641 434 027.092 (Зургаан зуун дөчин нэгэн сая дөрвөн зуун гучин дөрвөн мянга хорин долоон төгрөг ерэн хоёр мөнгө)-ний зээлийг авч чадсан Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргалын эзэмшдэг гэх “Баянтооройн Бүрд” хэмээх компани нь аймаг орон нутагтаа танигдсан, шилдгийн шилдэг аж ахуйн нэгж биш бөгөөд нэн хөнгөлөлттэй зээлд хамрагдах шалгуур үзүүлэлтийг давж чадахааргүй компани болох нь дараах баримтуудаас харагддаг.
Тухайлбал, Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Баянтооройн Бүрд ХХК-аас Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагад 4,772,061 төгрөг, алдангид 5,113,905 төгрөг нийтдээ 9,885,966 төгрөгийг нэхэмжлэн Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсаныг тус шүүх 2017 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр таслан шийдвэрлэсэн байжээ.
Мөн Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийн газар нь “Баянтооройн Бүрд” ХХК-аас тракторын үнэ болох 56,096,000 төгрөгийг нэхэмжлэн Сум дундын тавдугаар шүүхэд гаргасныг тус шүүх 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр таслан шийдвэрлэсэн байх аж.
Ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг он удаан жил төлөөгүй, хөнгөлөлттэй зээлээр авсан техник хэрэгслийнхээ үнэ төлбөрийг төлөхгүй луу унждаг түүх намтартай “Баянтооройн бүрд” компани Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хамгийн өндөр дүнтэй боловч хамгийн бага хүүтэй зээлийг авч чадсаныг ид шид гэлтэй.
Баримт 3
Говь-Алтай аймгийн ИТХ-ын хурлын дарга Лхагважавын Батжаргал гэж хэн бэ?
Говь-Алтай аймгийн ИТХ-ын албан ёсны цахим хуудаст байршуулсан танилцуулга мэдээллээс үзвэл Лхагважавын Батжаргал нь 1993-1997 онд УБИС, 2003 онд Удирдлагын академийн менежментийн ангийг тус тус төгсжээ.
1991-1998 онд Их Бэрх хоршооны дарга
1998-2016 онд Алтай-Тулга компанийн захирал
2000-2018 оныг хүртэл Баянтооройн Бүрд компанийн захирлаар ажиллаж байсан хэмээн тэрбээр намтар түүхээ бичжээ.
Төрийн албанд ажилласан туршлага мэдлэг гэх юмгүй энэ хүн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн ИТХ-ын хурлын дарга гэх эрхэм сэнтийд гэнэт л заларчээ.
Харин Говь-Алтай аймгийн тэргүүн зэргийн дарга болсноос хойш ердөө тавхан сарын дараа аймгийнхаа газар тариаланчдад очих ёстой Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нэн хөнгөлөлттэй зээлийг өөртөө авсан байгаа нь үнэхээр шившигтэй үйлдэл мөн юм.
Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Тугчин овогт Лхагважавын Батжаргал нь 16 насандаа Говь-Алтай аймгийн шүүхийн 1990 оны 3-р сарын 10-ны өдрийн А/4 дугаартай таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь зүйл ангиар дөрвөн жил хорих ял шийтгүүлж, нарсанд нэг жил зургаан сар суусны дараа буюу 1991 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тэнсэн суллагдаж байжээ.
Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 172.1-т зааснаар 250,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байжээ.
Тэрбээр 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт Байгаль орчны улсын байцаагч Ц.Энхтуул, хэсгийн төлөөлөгч Л.Баярманлай нарыг албан үүргээ хэрэгжүүлж байхад нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэх хэрэг нь өдгөө Говь-Алтай аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн шатанд хянагдаж явж байгаа.
Эрүүгийн хэргээр удаа дараа ял шийтгүүлж, одоо ч гэсэн эрүүгийн хэргээ шүүхээр хянуулж яваа Лхагважавын Батжаргал гэх энэ хүн Говь-алтай аймгийн тариалан эрхлэгчдэд олгох ёстой байсан 641,434,027 төгрөгийн дүнтэй нэн хөнгөлттэй зээлийг өөрийнхөө компанидаа авч чадсан байна. Харин энэ даргатайгаа Говь-Алтайчууд хариуцлага ярьж чадах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.