УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нарын байгуулсан Шударга иргэдийн нэгдсэн эвсэл /ШИНЭ/ намыг Улсын дээд шүүх бүртгэж авчээ. Энэ талаараа гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-ШИНЭвсэл бол шударга ёсны хувьсгал хийх гэж байгуулагдсан. Монголын нийгмийн салбар бүрт шударга ёс үгүйлэгдэж байна. Нэн тэргүүнд Монголын төрийг манан, мафийн савраас салгах нь бидний зорилт. Хууль хяналтын салбарт томоохон шинэлчлэл хийж, шударга ёсыг тогтоох нь ШИНЭвслийн зорилт. Мөн бид эдийн засгийн салбарт шинэчлэл хийнэ. Сүүлийн хэдхэн жилд монголын баялгийг цөөн хэдэн гэр бүл гадныхантай нийлж булааж авсан. Үүнийг зогсоох болно. Ашигт малтмалын томооохон ордуудаас монголын ард түмэн хувь хүртэх боломжийг олгохын тулд ШИНЭвсэл байгуулагдсан.
Мөн банк санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү дунджаар 30 хувьтай байна. Энэ мөлжлөгийн системийг бид өөрчилнө. Санхүү дэийн засгийн мөлжлөгөөс бид ард түмнээ чөлөөлнө.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Бид анхны хуралдаанаа энэ оны 06-р сарын 06-нд хийсэн. Өнөөдөр ШИНЭвслийг Улсын дээд шүүх албан ёсоор бүртгэлээ. Намуудын тухай хуулийн дагуу улс төрийн нам нэрэндээ заавал нам гэдэг үг авах ёстой гэж хуульчилсан байдаг. Энэ дагуу ШИНЭ нам гэсэн тодотгол авч бүртгүүлж байна.
Манай улсад үгүйлэгдэж байгаа цоо шинэ намыг бий болгох, цоо шинэ түвшинд улс төрийн харилцааг бий болгохын тулд бид бүх шаардлагатай алхмыг хийх болно. Яг албажаагүй ч гэсэн 68 мянга гаруй иргэнийг бид нэгтгэсэн.