“Цэвэр агаартай автомашингүй” өдрийг тохиолдуулан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 14, 15-нд тус тус зохион байгуулахаар болжээ.
Цэвэрлэгээний өдөр орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, байгууллагын гадна фасад, цонх, хаяг, гадна сандал, хогийн сав, үүд довжоогоо угаах, завсарлах, гадна талбайгаа усалж, чийгшүүлэхийг Хотын дарга үүрэг болгосон байна.
Уг цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллагууд оролцохоос гадна хувийн аж ахуйн нэгжүүдийг хамруулахыг үүрэг болгож, цэвэрлэгээнд оролцоогүй байгууллагад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт даалгажээ.
Түүнчлэн энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл “Цэвэр хот” сарын аянг нийслэлийн хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Уг сарын аяны хүрээнд орчныхоо хог хаягдлыг цэвэрлэхийг аж ахуйн нэгжүүдэд уриалж байгаа юм.
Уг сарын аяны дараагаас буюу аравдугаар сарын 15-наас хойш гадна орчны бохирдол ихтэй, ил задгай хогийн цэг үүсгэсэн, хогоо ачуулдаггүй ААН-үүдийг шууд торгож эхлэх гэнэ.
Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг цуцлуулах хүртэл арга хэмжээг авах юм байна.