АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд энэ сарын 9-10-нд шилжих шөнө Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг хойшлуулашгүйгээр дайчлан баривчилж, 461-р ангид хорьсон. Түүнийг үргэлжлүүлэн хориг эсэхийг өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэх учиртай.
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өчигдөр манай сайтад өгсөн тодруулгадаа “Манай яамны газрын дарга Д.Доржхандыг урьд өмнөх ажилтай нь холбогдуулан баривчилсан юм шиг байна билээ. Надтай ажиллах хугацаандаа ямар ч тендер, сонгон шалгаруулалтад оролцож байгаагүй. Хорин жилийн турш яаманд ажиллаж байгаа хүн юм гэсэн. Хуулийн байгууллага үнэн мөнөөр шийдэх байх” гэх тайлбарыг өгсөн юм.
Б.Энх-Амгалан сайдын хэлснээр хорин жил яам тамгын газарт ажиллаж байгаа Д.Доржхандын хөрөнгө орлогын мэдүүлгийг та бүхэндээ хүргэж байна.
Дашдоржийн Доржханд:
· 2016 оны наймдугаар сарын 08-ны өдөр ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилогдсон.
· Тэрбээр тус албан тушаалд томилогдсоныхоо дараах жилд өөрөө 51.9 сая төгрөгийн орлого, гэр бүлийн хүн нь 32 сая төгрөгийн ашиг орлоготой ажиллажээ.
· Харин өнгөрсөн жилд тэдний гэр бүлийн орлого огцом буурч өөрийнх нь орлого 29.4 сая, гэр бүлийнх нь хүний орлого ердөө 2.5 сая болсон нь анхаарал татдаг.
· Д.Дашдорж дарга 575.8 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 1 дулаан зогсоолтой.
· 139.8 сая төгрөгөөр үнэлэгдэх 300 гаруй толгой малтай.
· Дотоодын банк санхүүгийн байгууллагад байршуулсан 8.2 сая төгрөгийн хадгаламж бэлэн мөнгөтэй, хэнээс авлагагүй, мөн хэнд ч өргүй хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлсэн байх аж.