Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.12) нэгдсэн хуралдаан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр чуулганы хуралдаанд танилцуулж, ард нийтээр батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. ТББХ-ны уг тогтоолыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн 98,3 хувь нь дэмжлээ.
Уг тогтоолын төсөлд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дугаар зүйлийн 24.8 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн УИХ-ын 2019 оны есдүгээр сарын 07-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтийн санал асуулгаар оруулах нь зүйтэй гэж УИХ-ын нийт гишүүний 94.8 хувь нь буюу гуравны хоёроос доошгүй саналаар тогтсон тул ард нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулахаар тогтоосугай хэмээн тусгажээ. Түүнчлэн Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг хавсралтаар батлахаар тусгасан байна.