Нийслэлийн архивын газрын дарга Сүрэнгийн Гаваа 2014 онд Монголын нотариатчдын танхимтай гэрээ байгуулж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 300 гаруй тойргийн нотариатчдын 2008-2012 оны хооронд гэрчилж, баталгаажуулж, бүрдүүлсэн 19490 баримтыг акт, бүртгэлийн дагуу хүлээн авч өөрийнхөө хадам ээжийн даргаар нь ажилладаг “Хөтөч-Аян” гэх СӨХ-ны зоорийн давхарт хадгалуулжээ.
Архивын Ерөнхий газраас “Нийслэлийн архивын газрын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх үндсэн эх үүсвэрийн жагсаалт”-ыг 2010 оны 3 дугаар сарын 14-ны өдөр, 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус баталж байсан бөгөөд уг жагсаалтад нь Монголын нотариатчдын танхим байдаггүй юм. Өөрөөр хэлбэл Нийслэлийн архивын газар нь Монголын нотариатчдын танхимын баримтыг хадгалах ёсгүй атал С.Гаваа дарга албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль бусаар татан авсан байдаг юм.
С.Гаваа дарга дээд байгууллагаасаа баталсан тушаал, журмыг зөрчин Монголын нотариатчдын танхимын 19,490 хадгаламжийн нэгжийг Нийслэлийн архивын газрын хөмрөгт хүлээн авсан нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, асар их ашиг орлогыг олох арга хэрэгсэл байсан болохыг факт чек нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар хөндөн хүргэж байна.
БАРИМТ 1
Нийслэлийн архивын газраас 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Монголын нотариатчдын танхим руу илгээсэн албан ёсны танилцуулга мэдээлэлд “... 2014 онд хоёр байгууллага нь хамтран ажиллах гэрээг байгуулж, нотариатчдын 2008-2012 оны 19,490 баримт акт, бүртгэлийн дагуу хүлээн авч түр хадгалах байранд хадгалж, ашиглуулж байна. Нотариатын баримт хадгалж буй түрээсийн байранд Нийслэлийн төрийн сангаас сар бүр 4,100,000 төгрөгийг төлж байгаа болно” гэсэн байгааг та харж байна.
С.Гаваа дарга Нийслэлийн архивын газарт Монголын нотариачдын танхимын 19,490 хадгаламжийн нэгжийг нэг бүрийг нь 3000 төгрөгөөр татан төвлөрүүлжээ. Тэрбээр Монголын нотариатчдын танхимаас нийт 58,470,000 төгрөгийн төлбөрийг баримтаа хадгалсны төлбөр хэмээн авсан атлаа тэр мөнгөө байгууллагынхаа төрийн санд хийгээгүйгээр барахгүй, тухайн баримтыг хадгалахад гарч буй байрны түрээсийн төлбөрийг Нийслэлийн төрийн сангаар төлүүлж, татвар төлөгчдийн мөнгөнөөс сар бүр 4,100,000 төгрөгийг урсгаж байсан байх юм.
Нийслэлийн архивын газрын Хяналт шинжилгээний үнэлгээний хорооны мэргэжилтэн Ж.Бямбаагийн нэгтгэн гаргасан “НАГ 2016 онд архивын байр, хадгаламжийн зориулалтаар түрээслэж байсан байрны судалгаа”. Уг судалгаанаас харвал Нийслэлийн архивын газар нь зөвхөн 2016 онд л гэхэд 56,247,660.00 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн байгаа биз.
БАРИМТ 2
Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа Монголын нотариачдын танхимын 300 гаруй тойргийн нотариачдын 2008-2012 оны хооронд баталгаажуулж, гэрчилсэн 19,490 хадгаламжийн нэгжийг өөрийнхөө удирддаг байгууллагад хадгалж буй гэх нэрийн дор тус байгууллагаас 2013-2017 оныг хүртэл асар их мөнгө сааж чаджээ. Амташсан хэрээ 13 дахина гэгчийн үлгэрээр тэрбээр 2018 онд Монголын нотариачдын танхимаас нийтдээ 120 сая төгрөгийг салгачихаад тэтгэвэртээ гарахаар шийдэв. Нэмж хэлэхэд энэ төлөвлөгөөгөө ч биелүүлж чадсан юм.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн архивын газрын дарга С.Гаваа 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр 02/200 дугаартай “Санал хүргүүлэх тухай” гэх тэргүүтэй албан бичгийг Монголын нотариачдын танхимын Ерөнхийлөгч Р.Онончимэгт илгээжээ.
Уг албан бичигт “... Нотариачдын үйл ажиллагааны явцад үүссэн 1990-2016 оны гэрээ, итгэмжлэл, гарын үсгийн баталгаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүрдүүлбэр, бүртгэлийн дэвтэр, өв залгамжлалын холбогдолтой, 33,995 хадгаламжийн нэгжийг 238 мкв талбай бүхий түрээсийн 3 өрөөнд 84 тавиурт хадгалж, архивын баримтын хадгалалт хамгаалалтын нөхцөлийг хангаж ажиллаж байна.
Танай байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг судалсны үндсэн дээр Нотариатын танхимаас дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд Нийслэлийн архивын газар танай баримтыг хүлээн авч лавлагаа үзүүлж болох юм” гээд “Нотариатын баримтыг цэгцлэх, хадгалж хамгаалахтай холбоотой гарах жишиг зардлын тооцоо” гэгчийг хавсран явуулжээ.
Уг хавсралтад 1 хадгаламжийн нэгжийг 2500 төгрөг. Нотариачдын танхимын нийт 25000 хадгаламжийн нэгжийг 62,500,000 төгрөгөөр хүлээн авна. Дээрх 25,000 хадгаламжийн нэгжийг 120 мкв талбайд хадгална гэж тооцоод сар бүр 1 мкв-аас 23,000, нийтдээ 2,760,000 төгрөгийг та нар төлбөл Нийслэлийн архивын газартаа хүлээн авна гэсэн байх аж.
Монголын нотариачдын танхимынханд яг үнэндээ С.Гаваа даргын өмнөөс “Үгүй” гэж хэлэх эрх байсангүй. Яагаад гэхээр тэд шүүхийн өмнө хүчин төгөлдөр үйлчилдэг төрийн болон байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, онц чухал маш нууц, маш нууц, нууц ангилалд багтах баримт бичгийг албажуулдаг учраас, хэрвээ тэрхүү баримтуудаа хэн нэгний санаатай болон санамсаргүй үйлдлээс болж үрэгдүүлбэл өөрсдөө ял шийтгэлд унадаг учраас Нотариачдын танхимын бүх гишүүдийн хурлыг 2018 оны зургадугаар сарын 16-ны өдөр яаралтай зарлан хуралдуулж, Монголын нотариачдын танхимын нотариачдын гар дээр байгаа 2013-2017 он дуусталх хүртэлх 27,000 хадгаламжийн нэгжийг нэг бүрийг нь 5000 төгрөгөөр Архивын газарт шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг Танхимын Ерөнхийлөгч Р.Онончимэгт даалгасугай гэх 7 дугаартай тогтоолыг баталжээ.
Түүгээр ч зогсохгүй С.Гаваа даргын санал болгосны дагуу Нотариатын баримтыг эмхлүүлж, цэгцлүүлэх ажлыг 48 сая төгрөгөөр гүйцэтгүүлэх “Байгууллагын архивын баримтад эрдэм шинжилгээ, техникийн боловсруулалтын ажил гүйцэтгэх гэрээ” гэгчийг “Тэнгэр” дээд сургуультай байгуулж, холбогдох төлбөрийг шилжүүлжээ.
Мөн Монголын нотариачдын танхим нь дээрх 27,000 хадгаламжийн нэгж бүхий баримтыг Нийслэлийн архивын газарт хадгалуулахын тулд өрж тавих тавиуруудыг С.Гаваа даргын санал болгосны дагуу “Энхжин металл” гэх компаниас 60 сая төгрөгөөр худалдан авч, холбогдох төлбөрийг шилжүүлжээ.
С.Гаваа даргын санал болгосон гэх “Энхжин металл” ХХК нь Жамцын Энхбаатар гэх хүний нэр дээр бүртгэлтэй, байгуулагдаад ердөө гуравхан хонож байгаа мөртлөө БНХАУ-ын Хэнань мужийн болд төмөрлөг хийцийн үйлдвэрт үйлдвэрлэсэн 2300х900х550 мм хэмжээтэй 1 мм зузаантай төмөр тавиурыг нэг бүрийг нь 750,000 төгрөгөөр Монголын нотариачдын танхимд нийлүүлсэн байгаа нь гайхамшиг биш гэж үү.
Бид БНХАУ-ын Хэнань мужийн тус үйлдвэрийн худалдан борлуулж буй тавиур ямар үнэтэй байгааг судалж үзэхэд нэг бүр нь 600 юан буюу тухайн үеийн юаны Монголбанкны нэрлэсэн ханшаар бодоход 225,834 төгрөгийн үнэтэй байж таарсан юм.
С.Гаваа дарга худалдааны бодит үнэ нь 225,834 төгрөгийн үнэтэй төмөр тавиурыг байгуулагдаад гуравхан хонож байгаа компаниар дамжуулан 3 дахин өндөр үнээр Монголын нотариатчдын танхимд шахаж чадсаныг үнэхээр бахдам амжилт гэхээс өөр юу гэх билээ.
Нийслэлийн архивын газрын дарга Сүрэнгийн Гаваа гэх энэ эмэгтэй өөрийнхөө албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хийх ёсгүй зүйлээ хийснийхээ төлбөр болгож Монголын нотариачдын танхимаас нийтдээ 120 сая төгрөгийг Тэнгэр дээд сургууль, Энхжин металл компани, Өргөө сервис компанийн дансаар дамжуулан гаргуулж чаджээ. Тэр их мөнгөний хэдэн хувийг нь С.Гаваа дарга өөртөө авсныг шалгадаг байгууллага нь шалгах л хэрэгтэй байх.
НАГ-ын даргын хууль бус үйлдлийг илчилсэн өмнөх дугаарыг доорх бичлэгээс үзнэ үү.