Цагдаагийн байгууллагаас Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн ажлыг хийж эхлэхээр болжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Батжаргал “Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд иргэдийг үндэстэн дамнасан гэмт хэргээс хамгаалах, терроризм, хүчирхийллээс хамгаалагдах нөхцөлийг сайжруулах, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус хэрэглээтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр сургалт сурталчилгааны ажлыг цагдаагийн байгууллагаас эхлүүлээд байна” гэсэн юм.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хил хязгаарын халдашгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, хүн амын аюулгүй байдлыг хангах нь оршин тогтнохуйн үндэс болдог.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал нь анх 1994 онд Улсын их хурлаар батлагдан түүхэн эгзэгтэй үед үндэсний эрх ашгийг хангах төрийн бодлогын үндсэн зарчим, чиглэлүүдийг зааж өгсөн нь чухал үүрэг гүйцэтгэж, шилжилтийн үеийн бэрхшээлийг даван туулж тусгаар тогтнолоо баталгаажуулах, хөгжлийн суурийг тавихад чухал ач холбогдолтой. Улсын Их Хурлын 2010 оны долдугаар сар 15-ны өдрийн нэгдсэн чуулганаас Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын тулгуур баримт бичиг болох Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын шинэчлэн боловсруулагдсан төслийг баталсан.
Үндэсний аюулгүй байдал гэдгийг өмнө нь уламжлалт улс төр, цэрэг дайны заналхийлэлтэй холбон ойлгож, зөвхөн төр, түүний тусгай байгууллагуудын үүрэг хэмээн үзэж байв. Шинэ нөхцөл байдал нь аюулгүй байдлын тухай ойлголт, цар хүрээ, хангах арга замыг өргөтгөж, шинэчилсэн үзэл баримтлал нь хүн төвтэй, цогц, мэдлэгт суурилсан гэсэн зарчмаар өөрчлөгдсөн байдаг юм.