Саудын Арабын сэтгүүлч Жамал Кашогги өнгөрсөн жилийн 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын элчин сайдын яамнаас сураггүй алга болж, эцэст нь бусдын гарт амиа алдсан нь тодорхой болсон юм. Турк улсын тагнуулын албаны өгсөн бичлэгийг Засгийн газрын Sabah сонин нийтэлсэн байна. Уг нийтлэлд Жамал Кашоггийн үхэхийнхээ өмнө алуурчдад хэлсэн үгийг буулгажээ.
Уг бичлэгт Кашогги өөрийг нь алахыг завдаж байгаа этгээдүүдэд хандан амыг нь таглахгүй байхыг хүсч, багтраа өвчтэй тул амьсгал нь боогдож магадгүй гэдгийг анхааруулсан байна. Тэрээр “миний амыг битгий таглаарай, би багтраа өвчтэй, битгий, та нар намайг боомилох гэж байна” хэмээн ярьжээ.
Саудын Арабын эрх баригчдыг хурцаар шүүмжилж, Америкийн хэвлэлүүдтэй хамтран ажилладаг байсан сэтгүүлч Жамал Кашоггийн нууцлаг үхэл дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон юм. Арабын ертөнцийг барууны эрх баригчид хурцаар шүүмжилж Кашоггийн аллагын хэрэгт холбогдолтой 11 хүнийг шүүхэд шилжүүлсэн.
Удаан хугацаанд нууцалж байгаад ил гаргасан бичлэгт сэтгүүлчийн аминд хүрсэн бүлэг этгээдүүдийн нэг Махер Абдулазиз Мутреб түүнийг Рияд хот руу буцаах тухай ярьжээ. Хариуд нь Кашогги ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй бөгөөд сүйт бүсгүй нь гадаа хүлээж байгаа гэдгийг хэлсэн байна.
Түүнчлэн Кашоггийг хүү рүүгээ санаа зоволтгүй гэсэн зурвас гар утсаараа илгээхийг шаардаж хариуд нь тэрээр “би юу ч бичихгүй” хэмээн эсэргүүцжээ. Мөн “бидэнд тусалбал бид ч бас чамд тусална. Чамайг Саудын Арабт буцааж аваачна. Хэрэв бидэнд тус хүргэхгүй бол эцэст нь юу болохыг мэдэж байгаа биз дээ” гэж сүрдүүлжээ.
Сэтгүүлчийн цогцос олдоогүй ба Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманыг захиалга өгсөн гэж буруутгасан ч тэрээр огт холбогдолгүй гэсэн байр сууриа хамгаалсаар байна.
Эх сурвалж: www.theguardian.com